УИХ-ын нэгдсэн чуулганаар Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна. Байнгын хорооны хуралдааны явцад УИХ-ын гишүүн Л.Болд Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Эрдэнэчимэг, Су.Батболд, Д.Лүндээжанцан, С.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол нарын 15 гишүүн Хууль зүйн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулав.
Хууль зүйн сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн төслийг боловсруулахдаа 20 орчим судалгааны материалыг үндэслэл болгосны зэрэгцээ олон улсын болон үндэсний судалгааны баг, эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг ашигласан. Мөн олон нийт, иргэний нийгмийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн ялгаа, гэмт хэргийн ангилал ба ялын төрөл хэмжээ, ял шийтгэлийн бодлого, хохирлын хэмжээ, гэмт хэргийн зүйлчлэл, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүн зэрэг асуудалд шүүмжлэлтэй хандан гаргасан санал, зөвлөмжийг ажлын хэсгийн гишүүд судалж үзсэн. Мөн хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 2013 оны 10 дугаар сард 250 орчим төрийн болон төрийн бус байгууллагад төслийг хүргүүлж, 150 гаруй байгууллагаас 1000 орчим санал ирүүлснийг судалж зохих хэмжээгээр тусгасан гэлээ.
Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн суурь зарчим, шударга ёсонд илүүтэй нийцэх бөгөөд хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нөхцөл хангагдана. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл шат нэгээс хоёр жил үргэлжлэх бөгөөд хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх, уламжлалт хандлага, мэдлэгийг өөрчлөх, шинэ мэдлэг, дадал олгох талаар сургалт явуулах, хуулийг олон нийтэд сурталчлах үйл ажиллагаанд тодорхой цаг хугацаа шаардагдана гэж үзэж буйгаа сайд хэллээ.
Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүд Хууль зүйн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагаас эхэлж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэх юм.
Гэмт хэргийн хуулийг үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэнэ | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.