Шууд Chart

Сэтгүүлчид айлын орон байрны зураг авбал гэмт хэрэгт тооцно

2014-05-29 14:27:24

УИХ-ын нэгдсэн чуулганаар Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуусан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хуулийн төсөлд орсон Оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр орон байрны эсвэл орон байрны гаднах зургийг авбал гэмт хэрэгт тооцно гэсэн заалтыг хэвлэл мэдээллийн ажилтнуудтай шууд холбоотой, сэтгүүлч болон фото сурвалжлагчдын эрхийг зөрчсөн заалт байна гэж үзэж буйгаа хэлсэн юм. Тэрээр мөн хэрвээ тухайн орон байр хэн нэгэн улстөрчтэй холбогдсон эсвэл тухайн байранд гэмт хэрэг гарсан бол зураг авах зөвшөөрөл хайгаад явна гэдэг боломжгүй гэсэн юм.
 
Харин гишүүний энэхүү асуултад Х.Тэмүүжин сайд хариулахдаа уг хуулийн заалтад орон сууц биш орон байр гэж заасан гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний орон байр буюу гэр доторхийг, гэртээ байхад нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь авах юм бол хуулийн хариуцлага тооцохоор Гэмт хэргийн хуульд тусгасан ажээ. Энэ нь Үндсэн хуульд заасан хувь хүний орон зайд халдаж байгаа учраас гэмт хэрэгт тооцсон байна.
 
Салбарын сайд уг тайлбарыг хийсний дараа Д.Сарангэрэл гишүүн “Монголын сэтгүүлзүйн түүхэнд тэгж айлын орон байр руу халдаж байсан хэрэг огт байхгүй. Хуулийн байгууллагынхан өөрсдөө л тэгдэг байх” гэсэн юм. Түүнчлэн хуулийн энэхүү заалт нь мушгин гуйвуулж сэтгүүлчдийн эрхийг хаах боломжтой заалт байгаа учраас Х.Тэмүүжин сайд болон ажлын хэсгийнхнийг уг заалтыг дахин харах хэрэгтэй гэсэн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сэтгүүлчид айлын орон байрны зураг авбал гэмт хэрэгт тооцно  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-05-29 16:45
нээрээ шал утгагүй заалт байна. орон байр гэсэн ерөнхий томъёолол мушгих юм бол хаана ч зураг авч болохгүй гэдэг заалт байна.

Бидэнтэй нэгдээрэй