Шууд Chart

Н.Алтанхуяг: Энэ 100 хоногийг улстөржүүлээд байх хэрэггүй

2014-05-29 14:57:56

Өнөөдөр “Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт боллоо. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн Эдийн засгийн идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд хийж буй ажлуудынхаа талаар танилцуулав.

Өнөөдрийн байдлаар 100 хоногоос 20 хоног нь өнгөрөөд байна. Энэ хугацаанд хийхээр төлөвлөсөн 70 ажлаасаа нэлээдийг амжуулсан гэж  Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, хэд, хэдэн хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна. Түүний дотор НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэхээс эхлээд чухал хуулийн төслүүд олон байгаа аж. Эдийн засгийг идэвхжүүлэх ажлын хүрээнд импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд Чингис бондоос санхүүжилт өгч байгаа ажээ. Түүнчлэн энэ 100 хоногийг  хэтэрхий улстөржүүлээд байх хэрэггүй гэсэн юм.
 
Энэ талаар болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бусад асуудлаар Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-Эдийн засгийг эрчимжүүлэх 70 гаруй ажлыг эхлүүлээд байгаа. Ямар хүндрэл бэрхшээлүүд гарч байна вэ?
-Эдийн засаг эрчимжүүлэхээс 40 гаруй асуудал эхэлсэн. Үүнээс зарим ажил нь хэрэгжээд эхэлсэн, зарим хууль нь батлагдсан явж байгаа.

-"Буянт-Ухаа" хорооллын сугалаанд хожсон иргэд банкин дээр очоод орлого хүрэхгүй, өндөр настай гэх зэрэг шалтгаанаар зээлээ авч чадахгүй байна гэсэн шүүмжлэл их байна. Энэ асуудалд Засгийн газар чиглэл өгөх үү?
-Банкинд "энэ хүнд зээл өг" гэж хэлэх эрх бидэнд байхгүй. "Буянт-Ухаа" хороололд орохыг хүссэн иргэд 30 хувиа төлсөн байх ёстой. Үлдэж байгаа 70 хувиа 25 жилийн хугацаанд ийм хэмжээгээр төлөх чадвартай гэсэн банкны шалгуурыг хангасан хүмүүс байрандаа орно. Сугалаанд оролцсон 1500 гаруй хүнээс 1000 орчим нь байраа авсан гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн.
 
-"Буянт-Ухаа" хорооллын журамд өөрчлөлт орох уу. 30 хувь төлсөн ч байрандаа орж чадахгүй, өндөр настай зэрэг байдлаар хандаад байгаа нь шүүмжлэл дагуулаад байна?
-Энэ журамд өөрчлөлт орохгүй. Байр авахыг хүссэн хүн 30 хувиа төлөөд 25 жилийн хугацаанд төлөх чадвартай байх ёстой. Жишээлбэл, өндөр настай иргэн ажил хийж байгаа хүүхэдтэйгээ хамтраад байрны эзэмшигч болсон байсан. Боломжтой хувилбар олон бий шүү дээ. Бэлэнчлээд суухгүйгээр олон арга хайх хэрэгтэй.  
 
-МАН-ын бүлгийн зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өргөн барихаар болсон. Эдийн засаг хүндэрсэн нь салбарын сайдтай нь холбоотой гэж та үзэж байна уу?
-Одоогоор надад огцруулах гэж байгаа гэсэн бичиг ирээгүй байна.
 
-МАН-аас хүргүүлсэн 10 хоногийн хугацаатай шаардлагад яагаад хариу өгөөгүй юм бэ?
-100 хоногийн ажил хийгээд явж байсан үед 10 хоногийн шаардлага өгчихлөө. Энэ бол байдаг л асуудал. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Ажлаа ч хийнэ, шаардлагад нь хариу өгөөд л явна.

-Төсвийн тодотголд урсгал зардал танахаар тусгасан. Үүнд цалинг танасан гэсэн мэдээлэл байна. Цалин танах хэмжээний нөхцөл байдал үүссэн гэсэн үг үү?
-Цалин танасан биш нэмсэн. Цалингаа үе шаттай нэмнэ гэсний дагуу цалинг боломжийн хэмжээгээр нэмсэн. Үнийн өсөлт нөлөөлөөд байдаг учраас цалин нэмсэн гэдгээ хэлэхгүй байгаа. Түүнээс цалин танагдах асуудал ерөөсөө байхгүй.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаанд төлөвлөсөн ажлаа хийж амжихгүй бол хоног нь цааш сунгагдах уу?
-100 хоногийн ажлыг амжуулна гэж хичээж байна. Энэ хугацаанд ид шидийн юм бүтээгдэхгүй. Цаашдаа зөв явах суурь нь маш сайн тавигдаж эхэлнэ.
 
-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал долларын ханш нэмэгдэж байгаа нь түр зуурын үзэгдэл гэсэн. Монголбанкны Ерөнхийлөгч долларын ханш өсөхөд нөлөөлсөн, хариуцлагагүй хандсан гэсэн байр суурийг илэрхийлсэн. Та бүлгийн шийдвэртэй санал нийлэх үү?
-Эдийн засаг хүндрэхэд Монголбанкны нөлөөлөл гэж байхгүй. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн хямрал бидэнд нөлөөлсөн. Монголбанктай хамтраад бид өнгөрсөн жил зарим хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдийн засгийн өсөлтийг зогсоогоод, валютын ханшийг бага хэмжээнд барих эсвэл хүмүүсийнхээ ажлыг хийлгээд эдийн засаг өсөөд, валютын ханшид өөрчлөлт орох боломжоос Монголбанк сонголтоо хийсэн. Муутгасан эзэн нь гэж хэлж болохгүй. Цаашид валютын ханш дээр боломжийн дүр зурагтай прогнозыг Монголбанк хийж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлээд байгаа валют өсөхгүй гэдэг үнэн байх гэж бодож байна.
 
-ОХУ-д айчлах үеэр шатахуун импортлогчид таван жилийн гэрээ хийсэн. Гэрээнээс үүдэн шатахууны үнэ буурах, цаашид тогтвортой байна гэж ойлгож болох уу. Газрын тосны газрын дарга нь ирэх сард шатахуун 50 төгрөгөөр нэмэгдэнэ гэж мэдээлэл өгөөд байгаа?
-Шатахууны үнэ нэмэгдэхгүй байх. Тэнд очиж гэрээ хийж, хямд үнээр тохироо хийж ирээд нөгөө талдаа үнэ нэмнэ гэж болохгүй. Гэхдээ шатахууны үнэ буурна гэж туйлширч болохгүй.

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн өмнөх сайд нь "давхар дээл"-ээсээ татгалзан сайдын ажлаа өгсөн байхад дараагийн сайд нь мөн "давхар дээл"-тэй байх нь хэр зохимжтой юм бэ гэсэн шүүмжлэл байна?
-"Давхар дээл"-ийн төслийг УИХ дээр унагасан. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж заасан учраас хууль зөрчсөн үндэслэл байхгүй.

-ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг манай улсаар дамжуулах нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ. Манай улсад гарах үр өгөөж, ашгийг нь судалсан судалгаа байна уу?
-Хамтраад ажлын хэсэг гаргаад судалгаа хийе гэж ярилцсан. Эхний ээлжинд Монголын нутгаар дамжуулах юм хаагуур явуулах, дамжуулсан тохиолдолд Монголд хэдэн төгрөг орж ирэх байх. Гэхдээ энэ бүгдийг хоёр талаас хамтарсан ажлыг хэсэг байгуулж, судалж үзье гэсэн.

-Засгийн газраас Цагаан суваргын ордыг ашиглаж, төр 34 хувийг эзэмших, үүнээс гадна хоёр ч орд газрыг стратегийн орд газарт бүртгэе гэсэн санал гаргасан байсан. Цаашид стратегийн ордууд ашиглахаар бол улсын хөрөнгө оруулалт заавал хийх шаардлагатай юу эсвэл өөр байдлаар явах уу?
- Бид нар энэ "Оюутолгой"-оос болоод нэг асуудалд орчихоод байгаа юм. "Оюутолгой"-н 34 хувийг бид эзэмшиж зээлээр хөрөнгө оруулсан. Одоо тэгэхээр стратегийн ордын төрийн өмчийн хувь 34 хувь байх асуудал үүссэн. Одоогийн байгаа хуулиар 34 хувь эзэмших болж байна. Ашигт малтмалын шинэчилсэн хуульд цаашдаа Монгол Улсын төр заавал хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн.

-ОХУ-д хийх айлчлалын үеэр төмөр замын салбарт хамтран ажиллах нааштай ямар шийдвэр гарсан бэ?
-Өнгөрсөн намар Монголын санаачилгаар Монгол, Орос, Хятадын талын төмөр замын салбарынхан уулзсан. Бид зөвхөн ОХУ-д биш БНХАУ-д аль аль талд нь манай төмөр замын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллая гэсэн санал гаргасан. Энэ нь ажил хэрэг болоод явж байна.

-Дундговь аймгийн Засаг даргыг дахиад огцруулах шийдвэрийг ИТХ нь гаргасан байна. Дараагийн Засаг даргын нэрийг ч танд өргөн барьсан гэсэн?
-Дундговь гэж завхарсан аймаг байна. Засаг даргаа огцруулсан гээд бичиг ирэхээр нь захирамж гаргачихсан чинь намайг шүүхэд өгчихсөн. Дараа нь шүүхээс буцаагаад томилох ёстой гэсэн. Тэгсэн дахиад Засаг даргаа огцруулъя гэх юм. Одоо яах ёстой юм бэ. Ажил хийж болохгүй хачин юм хийж байх юм.

 

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Алтанхуяг: Энэ 100 хоногийг улстөржүүлээд байх хэрэггүй  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй