![](/uploads/201405/news/thumb/5e655a265b922eadc5e91d8060ae51a8_x3.jpg)
Дөнгөж сая МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
УИХ дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хариуцлагагүй ажиллаж, бондын мөнгийг үр дүнгүй зарцуулсан гэж дүгнэж байгаа ажээ. Мөн Эдийн засгийн алдаатай бодлого явуулж төгрөгийн ханшийг 30 гаруй хувиар сулруулсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 30-70 хувь өсгөхөд ч нөлөөлсөн гэж үзсэн байна. Банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 612 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оныхоос 2.4 дахин өссөнийг ч тэд энэ үеэр дурдлаа.
МАН-ын бүлгээс гаргасан огцруулах үндэслэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
• Засгийн газрын гадаад өр сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу гурван тэрбум ам.долларын өр үүсгэж ирээдүй хойч үеэ өрийн дарамтад орууллаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Эдийн засгийн хөгжлийн сайд биелүүлж чадсангүй. УИХ-аас хэчнээн сайхан хууль, эрх зүйн орчныг бий болгож өгсөн ч түүнийг ажил хэрэг болгох чадвар салбар хариуцсан сайдад алга байна.
• Төсвийн тухай хуульд заасан "Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт, хөтөлбөргүй, хөрөнгө оруулалт зүг чиггүй хийгдэж байна.
• Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу "Чингис" бондын санхүүжилтийн нэг ам.долларыг гурван ам.доллар болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэнгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл энэ заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцохыг зөвлөсөн нь Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хангалттай үндэслэл болно.
• Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан “Чингис”, “Самурай бонд”-ын хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй дур мэдэн зарцуулж хууль зөрчсөн.
• Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10 хоногийн хугацаатай хариуцлага тооцох шаардлагад хариу өгөлгүй эдийн засгийн хямралын буруутнуудынхаа үйл ажиллагааг ил далдаар дэмжиж, улс орноо улам туйлдууллаа. Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийг хямралд хүргэсэн албан тушаалтнуудын нэгийг нэр зааж огцруулахаар УИХ-д хандах нь зүйтэй гэж үзэв.
Н.Батбаяр сайдыг огцруулах саналыг өргөн барив | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.