Шууд Chart

“Зүсэм зүрх” киногоор дамжуулан өрх толгойлсон аавуудад тусална

2021-12-16 08:22:04

Энэ сарын 22-нд нээлтээ хийх “Зүсэм зүрх” киноны продюсер Н.Чинбат болон гол дүрийн жүжигчин Б.Отгонжаргал нартай ярилцлаа. 

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрсдийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

Б.О: Сайн байцгаана уу. Намайг Б.Отгонжаргал гэдэг. Энэхүү кинонд Цэнгүүн гэдэг гол дүрийг бүтээсэн. Цэнгүүн бол 12 дугаар ангийн сурагч, 18 настай айлын том хүү.

Н.Ч: Намайг Н.Чинбат гэдэг. Кино багт продюсер болон зургийн даргаар ажилласан. Манай “Ocian” продакшн үүсгэн байгуулагдаад нэг жил болж байна. “Зүсэм зүрх” киноны ерөнхий найруулагчаар Г.Дашхүү ажилласан. “Зүсэм зүрх” зөвхөн кино биш төсөл байдлаар үргэлжилнэ. Нийгэмд тулгарч буй асуудлуудыг киногоор дамжуулан өргөн дэлгэцээр харуулахыг зорьсон. Үр тань үлдэх хорвоод зөв амьдрах ёстой юм шүү гэсэн үндсэн санааг агуулсан.

-Зөвхөн кино уран бүтээл үзэгчдийн хүртээл болоод зогсохгүй төсөл байдлаар үргэлжилнэ гэлээ. Энэ тухай дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Н.Ч:  “Зүсэм зүрх” төсөл хоёр жилийн хугацаанд үргэлжлэх юм. Манай кино уран бүтээл ашгийн бус гэдгээрээ онцлог. Мөн бид төслийн хүрээнд өрх толгойлсон аавуудад туслах болно. Төрхийн хүндрэлээс болоод хань ижлээ алдсан аавууд хойд эхийн гар харуулахгүй гэсэндээ зүсэм зүсмээр “зүрх”-ээ үр хүүхдэдээ зориулдаг. Энэ утгаараа эгэл аавуудыг алдаршуулж тодорхой хэмжээнд баярлуулах юм. Киноноос олсон ашгаараа сайн үйлсийн аян зохион байгуулж нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна. 

-Б.Отгонжаргалын анхны бие даасан гол дүр гэж ойлголоо. Тийм үү?

Б.О: Миний хувьд гол дүрд тоглосон анхны бүрэн хэмжээний кино. Анх кино багаас санал хүлээн авсан. “Мэргэжлийн сургуулиа хараахан төгсөж амжаагүй тул би чадах болов уу” гэсэн айдастай байсан. Кино багийн хамт олон надад маш их тусалсан бөгөөд сурах мэдэх зүйл их байлаа.

-Та “Тик ток”-т нэлээд олон дагагчтай. Хүүхэд залуучуудад өөр нэг дүрээр хүрэх нь ээ?

Б.О: Би “Тик ток” хийгээд гурван жил болж байна, 460 мянга гаруй дагагчтай. Надаас үлгэр дуурайлал авч буй хүүхдүүд олон байдаг. Дагагч нартаа өөр дүрээр бэлэг барьж байгаа. Намайг дагадаг, намайг дэмждэг үе тэнгийн найзуудыгаа манай киног үзэхийг уриалж байна. "Зүсэм зүрх" киноны Цэнгүүнд ямар адал явдал тохиож, хэрхэн даван туулахыг үзэгч та бүхэн тунгаан бодож гэр бүлийн аз жаргал гэдэг ямар чухал зүйл болохыг ойлгоно гэж найдаж байна.

-“Зүсэм зүрх” киноны гол дүрийн жүжигчдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

Н.Ч: 21 аймгийн хүрээнд гол дүр сонгон шалгаруулах зар түгээсэн. Ер нь бол гол дүрээ удаан бодож явсны эцэст санамсаргүй байдлаар сурталчилгааны самбар дээрээс Отгоог олж харсан. Мөн жүжигчин Ану-Үжин эмэгтэй гол дүр Амирлан охины дүрийг бүтээсэн.  Харьцангуй шинэ залуу үеийн жүжигчид тоглосон ч гэсэн Монгол Улсын Гавьяат жүжигчнээс эхлүүлээд олон чадварлаг жүжигчин энэ кино бүтээлд оролцсонд баяртай байгаа.

-Хэдхэн өдрийн дараа танай киноны нээлт болно. Хүлээлт хэр байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?

Б.О: Монголын кино урлагийн салбарт хөл тавьсан анхны гол дүр. “Зүсэм зүрх” киноны маань нээлт удахгүй болох гэж байгаа гэж бодохоор сандарч байна. Бас сэтгэгдэл өндөр байгаа. Өөрийн бүтээсэн дүрээр үе тэнгийн найзууддаа үлгэр дуурайлал болно гэж бодож байна. Бидний бүтээлийг ирж үзээрэй.

Н.Ч: Цар тахлын үед кино зураг авалт үргэлжилсэн. Өмнө нь кино гэхээсээ илүү гэрэл зураг гэж явдаг байсан бол. Анхны кино гэдэг утгаараа хүлээлт маш их байна. Анхных гээд заавал алдах албагүй шүү дээ. Алдаа оноог дэнсэлж цаашдын уран бүтээлийн эхлэх цэг тавигдаж байгаад баяртай байгаа. Кинонд зориулсан дууг дуучин Б.Амархүү дуулж байгаа. Мөн манай кинонд дуучин Б.Амархүү жүжигчин Б.Амархүү болсон. Ямар дүр бүтээснийг нь мөн дэмжигч олон ирж үзээрэй.

-Киноны гол дүр Цэнгүүн, жүжигчин Б.Отгонжаргал нар амьдрал дээр хэр ойр хүн вэ?

Б.О: Кино зураг авалтын үеэр дүрдээ орчихоор өөрийгөө мартчихдаг байсан. Тэр нь нэг бодлын их гоё санагдсан. Амьдрал дээрх Отгоотой байгаа байдал нь хол зөрүүтэй. Өөрөөсөө өөр дүрийг гаргасан.

-Төгсгөлийн асуултыг нээлттэй үлдээе?

Н.Ч: “Зүсэм зүрх” киноны эцсийн дүгнэлтийг бид биш үзэгчид хэлнэ. Шүүмжлэлийг бас  харамгүй хайрлаарай, залуу уран бүтээлчдээ дэмжээрэй гэж уриалмаар байна. Нэгэн шинэ бүтээлээрээ үзэгчиддээ шинэ жилийн бэлэг барьж байгаа юм шүү. Улаанбаатар хотод нээлтээ хийгээд удахгүй 21 аймгийн үзэгчидтэйгээ шинэхэн киногоороо уулзах болно. Үзэгч олон “зүсэм зүрх”ийг мэдэрч ирээдүй хойч үедээ зөв зүйлээр үлгэрлээсэй хэмээн хүсч байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Зүсэм зүрх” киногоор дамжуулан өрх толгойлсон аавуудад тусална  
Үзсэн: 2549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй