Шууд Chart

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2014-06-04 08:50:57

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний өдөр өргөн мэдүүлсэн юм.
 
Хуулийн төслүүдийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм. Эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд нь багцаараа өргөн баригдсан, хоорондоо нягт уялдаатай бөгөөд хөгжлийн шаардлагатай уялдуулан олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд онцлов.
 
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль анх 1993 онд батлагдан гарснаас хойш нийтдээ зургаан удаа удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь таван бүлэг, 35 зүйлтэй юм. Уг хуулийн төсөлд төсөвт байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллагыг “нийтийн ашиг сонирхлын”, “жижиг дунд”, “бичил” гэж гурав ангилах, ингэж ангилахдаа олон улсад нийтлэг дагаж мөрдөж байгаа хөрөнгийн хэмжээ, борлуулалтын хэмжээ, ажиллагсдын тоо гэсэн гурван үзүүлэлтийг шалгуур болгох, энэ шалгуурын хэмжээг Засгийн газар тогтоодог байхаар тусгажээ. Мөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартуудыг орчуулах, тайлбарлах, хэрэглэх зөвлөмж боловсруулах, сургалт явуулах эрх олгох зэргээр төрийн зарим чиг үүргийг нэмж шилжүүлэх, энэ үндсэн дээр Институтийн удирдлага, зохион байгуулалт, тайлагналын зарчмыг хуулиар шинэчлэн тогтоохоор тусгасан байна.
 
Харин Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт таван бүлэг, 30 зүйлтэй юм. Хуулийн төсөлд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх үүрэгтэй аж ахуйн нэгж байгууллагыг тодорхойлох шалгуурыг хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээр биш “нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага” гэсэн ойлголтод үндэслэх зарчмыг тусгажээ. Мөн аудитын байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн ангилах, тухайн үйл ажиллагаанд холбогдох олон улсын стандартыг мөрддөг байх зарчмыг хуульчлахаар тусгажээ. Түүнчлэн тодорхой аж ахуйн нэгж байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлж байгаа аудитын байгууллагыг гурван жил тутамд сольж байхаар тусгасан байна. Үүний зэрэгцээ аудитор болон аудитын байгууллагын хараат бус байдлын зарчим, шалгуурыг илүү тодорхой болгож зохицуулах, аудитын байгууллагыг чадавхижуулах, томоохон аудитын байгууллагыг дэмжих үүднээс дөрвөөс доошгүй ахлах аудитортой аудитын байгууллага нийтийн ашиг сонирхлын болон том аж ахуйн нэгж байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар төсөлд тусгажээ.
 
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асууль асууж саналаа хэлсний дараа гишүүдийн дийлэнх олонх нь Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ  
Үзсэн: 1757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-04 11:34
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарна. Утас.: 99084179

Бидэнтэй нэгдээрэй