Шууд Chart

Эрчүүдийн “Хар дэвтэр” гэгддэг Карла Брунигийн ерөнхийлөгчийн эхнэр болсон гайхам түүх

2013-07-18 17:35:46

Романтизмын эх орон гэгддэг алдарт Франц улс хийгээд дэлхий нийтийн анхаарлыг  зүй ёсоор татсан нэгэн хэрэг бол тус улсад 2008 оны 2 сарын 20-нд Николя Саркози, Карла Бруни нар Елисейн ордонд гэрлэлтээ батлуулсан  явдал байлаа.  Николя Саркозигийн хувьд энэ нь 3 дахь гэрлэлт байсан бөгөөд тухайн үед   2 дахь эхнэр Сесилия-ээс салаад гурван сар орчим болсныхоо дараа ийнхүү дахин гэрлэж, олны анхаарлыг татсан дуулиант хэрэг тарьснаар тэд нэг хэсэгтээ хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвөөс гараагүй юм. Тэднийг гэрлэлтээ батлуулах үед  Саркози 53-тай, харин Бруни 40-тэй байсан байна.

 

Карла Бруни Францын Ерөнхийлөгч Николя Саркозитай түүний гэр бүлээ цуцлуулсныг тэмдэглэсэн жижиг үдэшлэг дээр танилцсан гэдэг. Саркози Ерөнхийлөгчийн алба авмагцаа эхнэрээсээ салж, бас ч багагүй зориг зүрх гаргасан цаг үе байсан хэрэг. Улс төрчдөөс өмнө нь ийм өндөр тушаалд очсон хэрнээ тийм бодлогогүй алхам хийж байсан нэг ч Ерөнхийлөгч байсангүй.
 
Хэргийн эзэн нь зөвхөн Саркози биш. Харин түүний сонгосон бүсгүй байлаа. Францын тэргүүн хатагтайн алдрыг нэгэн үе хүртэх хувьтай байсан  энэ бүсгүй нь  цагтаа дэлхий ертөнцийг гоолиг биеийнхээ нүцгэн зургаар байлдан дагуулж явсан загвар өмсөгч байсныг уншигч та ч мэдэх байх. 
 
 
Тиймээс ч тухайн үед Карла Бруни хэмээх эмэгтэйн  өнгөрсөн амьдралаас тэргүүн хатагтайд таарахаар алхам, шинж чанар олно гэдэг хэцүү байсан нь мэдээж. Хэвлэл мэдээллээр нэг  “Хар намтартай цагаан бүсгүй” тэмдэглэн бичиж байсан ч хосууд тэр бүхнийг ажралгүй давж чадсан юм.
 
Карла Бруни 1967 оны 12-р сарын 23-нд Италийн Турин хотноо мэндэлсэн. Алдартай загвар өмсөгч, нэртэй дуучны хувиар тэр насаа аль болох зарлахгүй байхыг хичээсээр ирсэн нь нууц биш. 
Ээж нь төгөлдөр хуурч, харин аав нь хөгжмийн зохиолч Альберто Бруни Тедески.  Тэдний гэр бүлийн түүхээс сөхвөл чинээлэг айлын хүүхдийг барьцаалж их хэмжээний мөнгө нэхэмжилдэг “Улаан бригад” хэмээх байгууллагын үйл ажиллагаанаас эмээсэн Тедески гэр бүлийнхээ хамтаар 1974 онд Францад шилжин суурьшжээ. Гэвч Альбертог нас барсны дараа ээж нь Карла Брунид жинхэнэ аавынх нь нэрийг хэлсэн гэдэг. Төрсөн эцэг бизнесмен Маурицил Ремерт байсан бөгөөд ээж Мариза нь түүнтэй удаан хугацааны турш амрагийн холбоотой байсан ажээ.
 
 
Урлагийн өндөр боловсролтой гэр бүлд өсөж хүмүүжсэн Карла бүр багаасаа  хөгжим тоглох дуртай нэгэн байсан гэдэг. Эцэг эх нь түүнийг хөгжмийн өндөр мэдрэмж, мэдлэгтэй нэгэн болгохыг ихэд зорисоор байсан бөгөөд Карла гитарын дамжаанд суралцахын зэрэгцээ загвар өмсөгчийн дамжаанд бас явдаг байж. Тэр ахлах сургуулиа дүүргээд Сорбонны урлагийн их сургуульд элсэн орсон ч төдөлгүй сургуулиа хаяж, загвар өмсөгчөөр ажиллах болжээ.
 
 
Түүний энэ алхам зөв шийдвэр байсан гэж хэлж болно. Карла 1990-ээд онд Guess болон Versage компанийн нүүр царай болж, дэлхийн хамгийн цуутай, бас хамгийн өндөр цалинтай загвар өмсөгч гэгдэх байсан гэдэг.  Ингээд залуу насаа загварын ертөнцөд бүрэн зориулсан нэг л өдөр  загварын тайзаа бүрэн орхихоор шийдсэн байна.
Гэсэн хэдий ч тэр тун удалгүй  тэр  алдарын тайзнаа дахин гарч ирсэн юм. Бүр цоо шинэ өнгө төрхтэйгөөр шүү. Дуучны хувиар тайзнаа эргэн ирсэн тэрээр  2003 онд гаргасан “Хэн нэгэн надад хэлсэн юм” хэмээх цомгийнхоо 11 дууны 8-ийг нь тэр өөрөө зохисон гэдэг.
 
Үүнээс хойш таван жилийн дараа дахин нэгэн цомог гаргасан нь “Юу ч болоогүй юм шиг” хэмээх нэртэй. Энэ цомгийнхоо 14 дууны 11-ийг мөн тэр өөрөө бүтээжээ. Бруниг урлаг судлаачид тун уянгалаг дуутай гэж онцолдог.

Дүрээ дахин дахин хувиргах дуртай эрчүүдийн“хар дэвтэр” болсон бүсгүй
  
 
Гоо үзэсгэлэнтэй бүсгүйн хувиар түүнийг эргүүлдэг, өвөртөө оруулахыг хүсдэг эрчүүдийн эгнээ уртаас урт байсан нь тодорхой. Тэгээд ч Карла төдийлөн энгэрээ хумиад яваад байдаг бүсгүй биш байсан талаар алдарт гэрлэлтийнх нь үеэр багагүй шуугиан тарьсан. Жиг ургуулж байсан эрчүүдээс дурьдвал дуучин Мик Жаггер, Эрик Клэптон, барилгын магнат Доналд Трамп, жүжигчин Кевин Костнер, Винсен Перес, Чарльз Берлинг нарын нэр үзэгдэнэ. Мөн Францын Ерөнхий сайд асан Лоран Фабиус нэр ч дурьдагдана.
 
Эдгээр эрчүүдийн дараа зохиолч Жан-Поль Энтевонтой хамт амьдарч байсан үе бий. Гэвч тэр Энтевоны хүү, өөрөөс нь 10 дүү Рафаэлтай янагийн холбоотой болсон төдийгүй түүний хүүхдийг төрүүлсэн юм. Ингээд Рафаэлтай гэрлэжээ. Гэвч 2007 оны тавдугаар сард тэр гэр бүлээ цуцлуулсан хэмээдэг.
 

Ингээд дараа нь танилцсан зартай хүн нь Николя Саркози байсан хэрэг. Саркози ерөнхийлөгч байх хугацаандаа Карлагийн үгийг машид анхааралтай сонсдог байсан талаар тухайн үеийн хэвлэл мэдээллүүд ч ам уралдуулан бичдэг байсан ба ойр дотны хүмүүс нь хүртэл энэ байдалд нь туйлын дурамжхан ханддаг байсан гэдэг. Гэхдээ Карла ямагт ухаалаг байж, эр нөхрийнхөө үнэнч хань, өмөг түшиг нь болж үлдэж чадсан ба эдүгээ ч хамт сайхан амьдарсаар буй.
 
Харин нэгэн удаа Карла нөхрөө  спортоор хичээллэхийг зөвлөсөн нь хожмоо уршиг тарьж, Саркози өглөөний гүйлтийн үеэр ухаан алдаж унаснаар хэдэн хоногийн турш ажлаа хийх боломжгүй болсон удаатай. Гэвч Саркози биеэ муудсанаа эхнэртэйгээ хамт байх боломж болгон, наран шарлагийн газар амарч, яг л 18-тууд шиг элсэн дээр үнсэлцэн гүйлдэж буй зургаар барууны хэвлэлүүд нэг хэсэг “гангарсан” билээ.
 
 
Карла  Елисейн ордонд амьдрах болсон тухайгаа “Елисейн ордны өрөөнүүд гайхалтай тохьтой. Миний  өрөөнд Ерөнхийлөгч байнга ирэх дуртай. Бидний харилцаа урьдын адил сайхан дулаан хэвээрээ байгаа. Би түүний Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хугацаа дуусах хүртэл тэргүүн хатагтай байх болно. Харин насан туршдаа түүний үнэнч гэргий байна. Амьдрал гэнэтийн бэлэг, содон нууцыг үргэлж ирээдүйд бэлдсэн байдаг. Гэлээ ч би зөвхөн түүнтэй насаараа амьдармаар байна” гэж Карла Бруни ярьсан нь бий. Тэр хэлсэн амандаа  ч хүрсэн.
 
 
 
Ийнхүү загварын ертөнцөд зард гарч, урлагийн салбарт нэрт дуучин гэгдэж, харин хувийн амьдралдаа улсын Ерөнхийлөгчтэй сууж хувьсгал хийсэн энэ эмэгтэй орчин цагийн амьдралын жинхэнэ тод жишээ юм. Тэрээр саяхан алдарт Bulgari фирм Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни-Саркозид дэгжин хувцас, цүнхээ сурталчлах санал тавьсан байна.  Yves Saint Laurent, Valentino, Versace зэрэг алдартай фирмийн загвар өмсөгч байсан Карла Бруни энэ саналыг дуртайяа хүлээн авсан аж.
 
 
 
 
 
 
 
     
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эрчүүдийн “Хар дэвтэр” гэгддэг Карла Брунигийн ерөнхийлөгчийн эхнэр болсон гайхам түүх  
Үзсэн: 2123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй