Шууд Chart

Конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэв

2014-06-04 18:07:32

Өнөөдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас зөвшилцөхөөр ирүүлсэн хэлэлцээрийн төсөл, зарим конвенцид нэгдэн орох тухай асуудлыг тус тус хэлэлцэв.

“Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийг Бельгийн вант улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнийг хэрэгжүүлснээр Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв нь орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм байна.
 
Хуралдааны эхэнд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төсвийн Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооноос тус тус гаргасан санал дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тэдгээрт Бельгийн вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг байгуулах талаар зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн байна. Байнгын хорооны хуралдаанаас дээрх хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, дэмжсэн санал дүгнэлт гаргав.
 
Үүний дараа Байнгын хорооны гишүүдийн анхаарлын төвд “Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай” асуудал байв.
 
Үүгээр далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 1920 оноос хойш баталсан, одоо хүчин төгөлдөр бүхий олон улсын 37 гэрээ, конвенц дахь хэм хэмжээг нэгтгэн тодотгож, дахин боловсруулжээ.
       
Эдгээр конвенцид манай улс нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй бөгөөд Монгол Улсын далбаа мандуулан усан далайд хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж байгаа далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжрахын зэрэгцээ хөлөг онгоцонд тохиолдож болзошгүй осол зөрчлийн үед болон тэдний зүгээс осолдсон бусад хөлөг онгоц, эд хөрөнгийг аврах ажиллагааг гүйцэтгэсэн тохиолдолд шагнал урамшуулал, төлбөр, нөхөх төлбөрийн асуудлаар аврах ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг далбааны эзэн улс- манай улсын зүгээс зохицуулах ач холбогдолтой юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт тавьсан гишүүд, Монгол Улсын далбаатай хэдэн онгоц байдаг тэдгээрт хэдэн далайчин ажиллаж байгаа, конвенцийн дагуу хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой үүргийн хэрэгжилтэд хяналт, шаардлага тавьж чадах эсэх, далбаа мандуулж явах зөвшөөрлөөс ямар орлого олж байгаа, конвенцид нэгдэн орсны ач холбогдол, түүнээс үүсэх хүндрэл, эрсдэл юу байх, Монгол Улсын Засгийн газар ямар хариуцлага хүлээх, конвенцид нэгдэн орсноор Монгол Улс татвар төлөх үгүй, өөрийн усан онгоцтой болох уу, аврах ажиллагаанд оролцсоноор гарах зардал, эрсдэл ямар байх, Далайн захиргаа ямар бүтэцтэй  байгаа, үндэсний хууль тогтоомж конвенцтой зөрчилдөж буй зүйл байгаа эсэх, Монгол Улсын далбаатай усан онгоц нь даатгалд хамрагдсан эсэх зэрэг асуудлыг чухалчлав.

Өнөөдөр Монгол Улсын далбаан дор нийт 420 усан онгоц хөвж байна. Өнгөрсөн онд далбаа ашигласнаар 279 сая төгрөгийн орлого оруулжээ. Монгол Улс дээрх конвенцид нэгдэн орсноор татвар төлөхгүй, хүндрэл үүсэхгүй, эрсдэл гарахгүй ажээ. Мөн далайн тээврийн хамтарсан компани байгуулах талаар хэлэлцээр хийгдэж байгаа тухай ажлын хэсгийнхэн танилцуулав.
 

Энэхүү Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэж үзэж, тэдгээрт Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн санал дүгнэлт гаргалаа.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэв  
Үзсэн: 1441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй