Шууд Chart

Авто замын засварын ажилд Хөгжлийн банкнаас 10.6 тэрбум төгрөг гаргана

2014-06-05 15:05:55

Энэ онд хийгдэж буй авто зам, барилгын ажлын явцын тухай Зам, тээврийн сайд А.Гансүх өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ.

Засгийн газрын гишүүд хэлэлцээд “Уньт-Тариалан чиглэлийн 88 км замын 48 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч БНСУ-ын “Бэйк Сеок Констракшн” компани нь санхүүгийн хүндрэлтэй байдалд орсныг харгалзан ажил гүйцэтгэх гэрээг цуцласантай холбогдуулан төслийн 40 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгч “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” ХХК-тай хэлэлцээ хийн гэрээ байгуулж, авто замын барилгын ажлыг хугацаанд нь дуусгах арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
 
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгаж чадаагүй “Насны зам” ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгож байгаатай холбогдуулан уг авто замын барилгын ажлыг хоёроос гурван багц болгон хувааж техник, ажиллах хүчний чадавх сайтай компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг мөн Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой холбох авто замын ажлыг эрчимжүүлж, хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасан байна.
 
Түүнчлэн авто замын засвар, арчлалтын явцын тухай танилцаад орон нутгийн зам, гүүрийн бүртгэлийг сайжруулах, хариуцах байгууллагыг тодорхой болгон, сум, дүүргийн өмчид бүртгэн, бүртгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, 2013 онд баригдаж дууссан, ашиглалтад орсон чанарын шаардлага хангасан хатуу хучилттай авто замуудыг улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулахаар тогтжээ.
 
Мөн улсын чанартай авто зам, гүүрийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг яаралтай сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, 2014 онд хийгдэх авто замын ээлжит болон их засварын ажлаас нэн яаралтай засч, шинэчлэх шаардлагатай Улаанбаатар-Дархан, Эрдэнэсант-Арвайхээр чиглэлийн авто замын шинэчлэлт, засварын ажилд шаардагдах 10.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Авто замын засварын ажилд Хөгжлийн банкнаас 10.6 тэрбум төгрөг гаргана  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй