![](/uploads/201406/news/thumb/8c2bbbbb6f4fb87caed3d0f9a3906c6c_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байгаль орчин, хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар , Б.Бат-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, А.Тлейхан, Л.Цог нарын тавьсан асуултад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.
Гишүүдийн зүгээс Ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр орж ирж байгаад сайшаалтай хандаж байсан юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, эко систем гэдгийг зөвхөн байгаль хамгаалагчдын хэмжээнд бус бүх нийтээрээ мэддэг байх ёстой. Ногоон бизнесийг хөгжүүлэх боломжийг цаашид эрэлхийлэх нь чухал. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр гэсэн бодлогын хоёр баримт бичгийг нэгтгэн томьёолох шаардлагагүй гэсэн байр сууринаас хандаж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, “Ногоон хэрэм” төсөл болон түрүү түрүүчийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэсэн эсэхийг тодруулж, бодит нөхцөл байдалдаа тулгуурласан хөтөлбөр хийж дараа нь үр дүнгий нь тооцдог байх хэрэгтэйг анхааруулж байв. Мөн Л.Цог гишүүн байгаль экологийн чиглэлээр иргэд маш их санаа зовж олон хөдөлгөөн өрнүүлсэн байдгийг онцолж, ногоон хөгжлийн бодлогыг боловсруулахдаа тэднийг татан оролцуулж, байр суурийг нь сонссон эсэх талаар тодотгосон юм.
Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсныг дэмжив. Ингэснээр тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дэмжив | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.