Шууд Chart

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

2014-06-06 08:40:28

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын өргөн барьсан Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хувьцааны хяналтын багцыг худалдан авах талаарх заалтыг ойлгомжтой, тодорхой болгох талаар анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан санал, хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу хуулийн төслийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг “Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй” гэсэн, мөн зүйлийн 57.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 57.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж буй хувьцаа нь уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна” гэсэн найруулгатайгаар төсөлд тусгасан байна.
 
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт асуух гишүүд байсангүй. Ингэснээр Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоолын төслүүдийг батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 84, 7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 78,0, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 78,0, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 76,3, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл 83,1 хувийн саналаар тус тус батлагдлаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй