Энэ долоо хоногт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргаа, 2030 Усны нөөцийн бүлэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан “Туул форум”-ын үеэр Туул голын сав газрын зөвлөл байгуулагдлаа.
Тус Туул голын сав газрын зөвлөл 45 гишүүнтэй бөгөөд Засаг захиргааны болон иргэний төлөөлөл 10, Байгаль орчин, мэргэжлийн хяналт, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл 10, Ус ашиглагчид болон мэргэжлийн холбоод 10, Төрийн бус байгууллагын төлөөлөл 10, Эрдэмтэн судлаачдын төлөөлөл дөрөв, хэвлэл мэдээллийн төлөөлөл нэг хүн тус тус байгаа ажээ.
Сонгогдсон 45 гишүүд анхдугаар хуралдаанаа хийж зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарыг нээлттэй зарчмаар санал хураалт явуулан сонгосон байна.
Сав газрын зөвлөл нь Усны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу
- ус хамгаалах, зохистой ашиглах шийдвэр гаргахад иргэдийн саналыг тусгуулах;
- усны нөөцийг хуримтлуулах, ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх болон далан, суваг барих төсөлд санал өгөх;
- сав газрын захиргааны усны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах шийдвэр гаргуулах, хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад санал хүргүүлэх;
- ус ашиглагч нь гэрээ болон энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн гүйцэд хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
- ус ашиглагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр хүлээсэн сөрөг нөлөөллийг бууруулах, учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
- усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих;
- урсац бүрэлдэх эх, усны эх үүсвэрийн орчмыг хамгаалах, ойжуулах, тохижуулах, нөхөн сэргээх арга хэмжээг нутгийн иргэдийн дэмжлэг, санаачилга, мэргэжлийн байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулах;
- усны барилга байгууламжийн зураг төсөл усны нөөцөд сөрөг нөлөөтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдвал барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх саналыг эрх бүхий байгууллагад гаргах;
- ус ашиглахтай холбогдсон сав газрын захиргааны дүгнэлтийг хүчингүй болгох саналыг эрх бүхий байгууллагад гаргах эрх, үүрэгтэй ажээ.
Туул голын сав газрын зөвлөл байгуулагдлаа | ||
Үзсэн: 1782 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.