![](/uploads/201406/news/thumb/5257d8ce0def6bf4908e9d3500831e49_x3.jpg)
Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн хоёр, Дорноговь аймгийн нэг суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас баталсан.
Тус 16 сумын нэгээр Архангай аймгийн Тариат сум шалгарч, 2014 онд сумын шинэчлэл хөтөлбөрийн дагуу бүтээн байгуулалт хийгдэж айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон орчин үеийн тохилог суурин байгуулагдах болжээ.
Төсөл хэрэгжүүлж буй сумдад дэд бүтэц бий болгосноор хүн амын хэт бөөгнөрөл, их нүүдэл саарна. Мөн сумын төвийн бүрэн дунд боловсролын сургууль, сум дундын эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг инженерийн дэд бүтцэд холбосноор иргэдийн ая тухтай амьдрах, орон нутагт тогтвортой суурьших нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Түүнчлэн фермер болон эрчимжсэн аж ахуй, аялал жуулчлал зэрэг үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж бүрдэх ажээ.
Чухам аль сумыг сонгож шинэчлэх талаарх саналыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ынгишүүд, аймаг, сумдын Засаг дарга нараас авсан ба Барилга хот байгуулалтын яамны зүгээс тавьсан шаардлага, нөхцлүүд хангаж буй 16 сумыг сонгожээ. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашдын чиг хандлага, хүн амын тоо, байршлын хувьд бусад сумаас үйлчилгээ хүргэх боломжтой байх, ойрын таван жилд гадаад дотоодын төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байх гэсэн үндсэн шаардлагыг БХБЯ-наас тавьсан байна.
“Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр” Тариат суманд хэрэгжинэ | ||
Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.