![](/uploads/201406/news/thumb/5602d61dda714909600be22dbd60ee1e_x3.jpg)
Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн лхагва гарагт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, төсвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэхтэй холбогдуулан Сангийн яаманд хэрэгжүүлж эхлээд байгаа ажил болон салбарын яамдын түвшинд хийх ажлын талаар чиглэл өгч, харилцан санал солилцжээ.
Энэ үеэр Сангийн сайд төсвийн хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэн сайдын ажлын албаны орон тоогоо бууруулж ажиллахаа мэдэгдсэн байна.
Сангийн сайд “Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай” 122 дугаар тушаалыг баталж, харьяа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон чиг үүргийн давхардлыг арилгах, ажилтан албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах замаар орон тоог бууруулах, төсвөөс цалинждаг зөвлөх, орлогч даргын туслахын орон тоог цомхотгох, төсвийн жилд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх, төрийн албаны гэрээт ажилтны орон тоог бууруулах замаар цалингийн зардлыг хэмнэх, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй харуул хамгаалалт, халаалт дулаан, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, албан тушаалын болон албан ажлын автомашины зардлыг багасгах, томилолтын зардлыг бууруулах, хурал, сургалт, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулахыг Сангийн яам болон харьяа агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.
Түүнчлэн төсвийн хэмнэлтийн горимд шилжихтэй холбогдуулан дээрх тушаалын хавсралтаар бараа үйлчилгээний зардлыг хэмнэх чиглэлээр яам, харьяа байгууллагын түвшинд хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний жагсаалтыг баталснаа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулжээ.
Төсөв хэмнэхийг үүрэг болголоо | ||
Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.