Шууд Chart

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

2014-06-06 12:07:05

УИХ-ын чуулганаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн А.Бакей хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтдээ, хуулийн төслийн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор малын хорогдлын нэгдүгээр босго үзүүлэлт нь зургаан хувь, хоёрдугаар босго үзүүлэлт нь 30 хувь байхаар хуульчлах, сумын малын хорогдлыг мэдээлэх, үүнтэй уялдуулан даатгалын эрсдэлийн түвшин, даатгалын хураамжийг тогтоох, давхар даатгалын компанийг төрийн болон хувийн өмчийн оролцоотой хувьцаат компани байхаар тогтоож, холбогдох зохицуулалтыг Компанийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, даатгалын тохиолдол, даатгалын эрсдэлийн хуваариалалт, нөхөн төлбөртэй холбогдсон зохицуулалтыг нэмж тусгах, түүнчлэн хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын сангийн зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбогдсон зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг төсөлд тусгах асуудлаар санал хураалт явуулж тэдгээрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тухай танилцуулав.
 
Дараа нь УИХ-ын гишүүд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалаа. Тухайлбал, малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдах, малыг тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах, малыг төрлөөр нь даатгуулах, малын хорогдлын хувь хэмжээг сумын түвшинд тодорхойлох, даатгалын нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилах зарчмыг баримтлах талаарх шинэ зүйлийг нэмсэнээс гадна даатгалын эрсдэлийн хуваарилалт, сумын малын хорогдлыг тогтоох, мэдээлэх, малын хорогдлын босго үзүүлэлтийг тогтоох, даатгалын эрсдэлийн түвшин, даатгалын хураамж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр зэрэгтэй холбоотой зүйлийг өөрчлөн найруулах буюу шинэ зүйл нэмэх зэрэг саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн малын индексжүүлсэн даатгалын сан нь даатгагчдын хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын компанийн сан гэх төрөлтэй байх, хамтын эрсдэлийн сан нь давхар даатгалын компанийн дэргэд тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна гэх зэрэг заалттай Хамтын эрсдэлийн сан гэсэн шинэ зүйл нэмэхийг гишүүд дэмжив. Тэдгээрээс гадна найруулгын. шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дуусгаснаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өндөрлөв. Үүгээр Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг дараах шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороонд шилжүүллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг хэлэлцэхээр боллоо  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй