![](/uploads/201406/news/thumb/cb94a6f287c00ff29cb5230d06fe9738_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулганаар Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцлээ.
Нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагааг удирдах, хянах тогтолцоог боловсронгуй болгох, аж ахуйн нэгж, байгууллагын ангилалыг тогтоох, түүнд тохируулан бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан бэлдэх, аудитлуулах үүргийг шинэчлэн тогтоох, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Аудитын олон улсын стандартыг мөрдөх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах зэрэг асуудлыг энэ хуулийн төсөлд шинэчлэн тусгажээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд анх батлагдсанаас хойш түүнд зургаан удаа нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр өнөөг хүртэл мөрдөгдөж иржээ.
Дээрх төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авав. Тухайлбал, гишүүд эдгээр хуулийн төсөлд төрийн хяналтын механизмыг хэрхэн тусгасан, хөрөнгийн үнэлгээний бодлого өнөөдөр ямар түвшинд байгаа, мэргэшсэн нягтлан бодогчдын институцийн дотоод дүрэм, журам нь хуулийн төсөлтэй хэр нийцэж байгаа, тодорхой нэг байгууллагын үйл ажиллагааг “монопольчилж” хуульчилж өгөх нь хэр зохистой, орон тооны бус нягтлан бодогч ажиллуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийг хэр судалсан, бүртгэлийн ямар суурь баримтлах гэж байгаа, аудитын байгууллагын хүлээх хариуцлагын зарчмыг хэрхэн тусгасан болон мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн хэм хэмжээ, мэдлэг, боловсролын түвшинг тогтоож өгөх зэрэгтэй холбоотой асуулт тавьж хариулт авлаа.
Нягтлан бодох бүртгэлийн хуулийн төсөл сайн боловсрогдож харин Аудитын хуулийн төсөл нь түүнээс дутуу боловсрогдсон байгааг анхаарах саналыг зарим гишүүд гаргалаа. Байнгын хорооны саналаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.
Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэлэлцэхээр болов | ||
Үзсэн: 1350 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.