![](/uploads/201406/news/thumb/10199023151e2efbac43436e9b0f5e41_x3.jpg)
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас орон нутагт зохион байгуулж байгаа “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг баруун бүсийн аймгуудад үргэлжилж байна. Төрийн байгууллагуудын дээд шатанд төвлөрсөн эрх мэдлийг сааруулж, үйл ажиллагааг нь ил тод болгосон хэд хэдэн үр дүнтэй ажил хэрэгжүүлснээ Улаангом хотод болсон хэлэлцүүлгийн үеэр Увс аймгийн удирдлагууд танилцууллаа.
“Шилэн халаас” хөтөлбөр хэрэгжүүлэн төсвийн зарцуулалтаа олон нийтээр байнга хянуулдаг болсноор төрийн хөрөнгө рүү уургын морь шиг дайрах хандлага буурч, өнгөрсөн онд гэхэд төрийн байгууллагууд нь зардлаа 1.2 тэрбум төгрөгөөр хэмнэсэн гэнэ. Шилэн дансны хуулийг УИХ хэлэлцэж батлахыг хүлээлгүй энэ сараас эхлэн Увсчууд төсвийн байгууллагуудынхаа бүх дансыг ард иргэддээ ил болгосон байна.
Увсын хязгаарт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудад ч төрийн байгууллагуудын шууд оролцоог халж эхэлжээ. Барилга барих газрыг нь үнэгүй өгч, хувийн хэвшлээ бодлогоор дэмжсэнээр өнгөрсөн онд төсвөөсөө нэг ч төгрөг гаргалгүйгээр 168 айлын орон сууц ашиглалтад оруулсан, энэ жил тэр жишгээрээ 500 айлын орон сууц, 100 айлын хаус хороолол барина гэж аймгийн удирдлагууд тодотголоо. Төрийн үйлчилгээтэй холбоотой санал шүүмжийг иргэдээсээ тогтмол хүлээн авахын тулд Засгийн газрын “11 11 төв”-тэй адил чиг зорилготой “22 22 төв”, 22-22.мн сайт ажиллуулж байна.
Увс аймгийн сүүлийн гурван жилийн төсвийн орлогыг шинжилж үзэхэд 10 хүрэхгүй хувийг нь өөрсдөө бүрдүүлж, үлдсэн 90 гаруй хувийг нь улсаас авч байна. Өнгөрсөн онд гэхэд тус аймагт 57 тэрбум төгрөгийн орлого орсны 51 тэрбумыг нь улсын төвлөрсөн төсвөөс олгожээ. Увс аймгийн дотоодын орлого бүрдүүлэгч гол салбар нь хөдөө аж ахуй хэдий ч бэлчээрийн даац муутайн улмаас цаашид малын тоо толгойгоо өсгөх бололцоогүй. Ийм нөхцөлд баг багаараа, айл өрхөөрөө нэгдэн хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрлэл эрхлэх боломж, бас зах зээл бий. Засгийн газрын “Монголдоо бүтээцгээе” зорилтын нэг чухал хэсэг нь хөдөөд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого юм гэж Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл онцлолоо. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Увс аймгийн 92 багийн удирдлагууд санал бодлоо Засгийн газарт хүргэлээ.
Аймгийн удирдлагууд Засгийн газарт саналаа хүргүүллээ | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.