Шууд Chart

Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулахад С.Ганбаатар гишүүний эрх мэдэл хүрэхгүй гэв

2014-06-09 12:29:40

Өнгөрсөн сарын 20-нд  УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах саналыг  УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн.

 Хуулийн дагуу Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой байтал хангалттай сайн ажиллаж чадаагүй  учраас өнөөдөр валютын ханш өссөн хэмээн үзсэн. Түүнчлэн энэхүү төгрөгийн үнэгүйдлээс болж эдийн засгийн хямрал болж ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа учраас Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцрох нь зүйтэй хэмээн үзэж бцуйгаа илэрхийлж байсан юм.
 
Харин өнөөдөр энэ талаар С.Ганбаатар гишүүнд  УИХ-ын Тамгын газраас Хууль зүйн албан ёсны дүгнэлтийг хүргүлсэн байна. Уг УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүйн экспертийн албанаас гаргасан дүгнэлтэд "УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн УИХ-аас томилогдсон буюу сонгогдсон албан тушаалтанг эргүүлэн татах, огцруулах санал гаргах ерөнхий зохицуулалтыг хуульчилсан боловч Монголбанкны Ерөнхийлөгчийн тухайд нарийвчилсан зохицуулалтаар хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан болох УИХ-ын дарга чөлөөлөх санал гаргасан тохиолдолд УИХ хэлэлцэхээр хуульчилсан болно"  хэмээжээ. Өөрөөр хэлбэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулахад бие даагч гишүүд, өөрөөр хэлбэл С.Ганбаатар гишүүний эрх хүрэхгүй бололтой.
 
Харин С.Ганбаатар гишүүн энэхүү дүгнэлтийн талаар өөрийн хуульчидтай ярилцаж цаашлаад энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдээд байна. Түүнчлэн С.Ганбаатар гишүүн "УИХ-ын дарга З.Энхболд микрофоны оочер болон заал зохион байгуулдаг хүн болохоос биш гишүүдийг эрхийг ингэж хаах давуу эрхтэй хүн биш"  хэмээсэн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулахад С.Ганбаатар гишүүний эрх мэдэл хүрэхгүй гэв  
Үзсэн: 1150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй