Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны нутаг дэвсгэр Эмээлт, Хурган нь баруун аймгуудаас орж ирж буй амьд малын худалдаа, мал нядалгаа, арьс шир, ноос ноолуур, махны худалдаа явагддаг онцлогтой газар.
Харин эдгээр худалдаа үйлчилгээнээс гарсан бүхий л хог хаягдал Хурганы үерийн жалганд хаягддаг.
2009 оноос хойш хуримтлагдсан хог хаягдал өдгөө бараг нэг га газрыг хамарчээ. Бойны газрын хог хаягдлыг далимдуулан Улаанбаатар хотоос шөнийн цагаар барилгын хог хаягдал авчирч хаясаар...
Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх 52 байршилд багтаж буй энэ газар агаар, хөрсний бохирдол ихээр явагдаж байгаа төдийгүй үер буухаар Туул гол руу урсах, махчин шувууд ихээр овоорсон үед орон нутгийн нислэгийн замд хүндрэл учруулах зэргээр хор хөнөөл нь ихэссээр.
Өмнө нь энд нэг манаач айл буулгаж бага ч гэсэн цэгцлэх арга хэмжээ авсан ч зөвшөөрөлгүй газар учраас иргэд тэр бүр “журамлагдахгүй” дуртай цагтаа хогоо тээвэрлэн асгасаар байна.
Эмээлт орчимд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хориод нядалгааны газар байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар зургаан цэг үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэл орчим мал нядлах энэ ажил 6-10 сард ид өрнөдөг. Ачаалал ихтэй үедээ өдөрт нэг цэгт 100 бог, 10-20 бод мал нядалгаанд ордог гэнэ.
Бойны газрууд шингэн хаягдлаа нэг цэгт хурааж бохирын машинаар соруулдаг бөгөөд бусдыг нь үерийн жалганд зөөвөрлөж овоолсоор өнөөдөр байдал ийм болжээ.
Хэрвээ холбогдох газрууд даруй арга хэмжээ авч энд төрөлжсөн хогийн цэгийг бий болгохгүй бол "Бой"-ны гэх тодотголтой энэ хог хаягдал улам л өргөжин тэлж тэр хэрээр хор хөнөөл нь нэмэгдэх нь байна.
Анхаарууштай...
Эмээлтийн нядалгааны цэгийн хаягдал нислэгийн замд хүндрэл учруулж байна | ||
Үзсэн: 6809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.