Бид уншигч та бүхэнд энэ цагийн технологийн ололтуудыг харуулсан дэлхийн хамгийн шилдэг техникүүдийг цувралаар танилцуулж байгаа. Энэ удаад дэлхийн хамгийн том жигүүрт хөлөг "АН-225 Мрия" нисэх онгоцны талаар товч мэдээллийг бэлтгэлээ.
Хуучнаар ЗХУ-ын үед тус онгоцыг 1984-1988 онд Киевийн Механик үйлдвэрт зохион бүтээсэн бөгөөд анхны нислэгээ 1988 оны 12 дугаар сарын 21-нд хийжээ. Энэ нисэх онгоцыг "АН-124" онгоцон дээр суурилан бүтээсэн гэх бөгөөд зургаан турбо хөдөлгүүртэй. "АН-225 Мрия" нь өдгөө ч дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн их ачааг тээвэрлэдэг гэдэг байр сууриа хадгалсаар байна.
Бүтээгдсэн он: 1984-1988 он
Харьяалал: Украин улс
Оператор: Антонов Эйрлайнс
Нэршил: АН-225 Мрия
Үндсэн жин: 285 тонн
Даац: 250 тонн
Урт: 84 метр
Өндөр: 18 метр
Далавчны урт: 88.4 метр
Нислэгийн зай: 15 400 км /буулгүйгээр/, дүүрэн ачаатай үед 4 000 км
Хурд: 850 км/цаг
Нислэгийн алслалт: 12 000 метр
"АН-225 Мрия" нь хүч чадал, хэмжээ зэргээрээ хэн бүхэнд үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг. ЗХУ задран унасны дараа тус онгоц Украины өмч болж, Антонов Эйрлайнс компанийн мэдэлд UR-82060 дугаартайгаар нислэг үйлдэж байгаа аж. Харин тухайн үед тус загварын хоёр дахийг бүтээхээр төлөвлөж байсан ч хэрэгжиж чадаагүй юм.
"АН-225" нисэх хөлгийг бүтээх болсон шалтгаан нь их сонин. ЗХУ-ын үед хэрэгжүүлж байсан "Буран" дахин ашиглах боломжтой сансрын хөлөг бүтээх төслийн хүрээнд агаарын хүнд даацын тээврийн хүчирхэг онгоц зайлшгүй шаардлагатай болсон байдаг.
Энэхүү хүнд даацын тээврийн онгоцны гол зорилго нь сансрын "Буран" хөлөг болон сансрын хөлгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэл, угсрах цэгээс хөөргөх газарт хүргэх явдал байв. Мөн "Буран" сансрын хөлөг өөр нисэх онгоцны буудалд газардсан тохиолдолд шаардлагатай цэгт тээвэрлэн хүргэх нь чухал байжээ.
Гэвч ЗХУ задарсанаар энэхүү сансрын төсөл бүрэн хэрэгжилгүй зогсож, харин "АН-225 Мрия" нь арилжааны нислэг үйлдэх болсон байдаг.
Дэлхийн хамгийн том жигүүртэн "АН-225 Мрия" | ||
Үзсэн: 2424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.