![](/uploads/201406/news/thumb/843f7140ec3c7fdabd38b8bfbb326368_x3.jpg)
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Бүгд найрамдахчуудын Олон улсын Хүрээлэнгийн Суурин төлөөлөгч Гречин Күнзийг өчигдөр хүлээн авч уулзав.
Энэ үеэр хатагтай Гречин Күнз, Улс төрийн намуудыг төлөвшүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд 2004-2008 оны хооронд Монгол Улсын улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн шинэтгэлийг эрчимжүүлэх, парламентийг олон нийтэд нээлттэй болгох чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлснийг дурдав.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж Монголын Улс төрд олон шинэ эргэлт гарсан тухай онцлов. Тэрээр Монгол Улс технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах болсон. Их Хурлын сонгууль болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох санал тоолох машин ашигласан. Гар аргаар сонгогчдын санал тоолдог байсан тэр цаг ард хоцорч бусад улс орны жишгээр автомат технологи нэвтэрсэн гэв.
Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын албан хаагчид болон УИХ-ын гишүүдийн туслах, бие төлөөлөгчдийг чадавхжуулах талаар хамтын ажиллагаагаа чиглүүлэх хүсэлтэй байгаагаа онцлосон юм.
АНУ-д Сенатын гишүүдийн ард баг бүрэлдэхүүн ажиллаж байхад Монгол Улсын Их Хурлын гишүүн хоёр бие төлөөлөгч, нэг туслахтай байдаг ч ажил үүргийн хувьд ижил үр дүн шаардагддаг. Тиймээс бусад улс орны тэргүүн туршлага хэрэгтэй байгааг тэрээр онцлоод хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Бүгд найрамдахчуудын Олон улсын Хүрээлэн нь Ази, Африк, Латин Америк, Төв болон Зүүн Европийн 70 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд улс төрийн судалгаа хийх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудыг улс төрийн үйл явцад оролцуулах чиглэлээр бие даасан хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм.
Бүгд найрамдахчуудын Олон улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.