Шууд Chart

Ш.Түвдэндорж хэдэн ч “давхар дээл” өмсөж болно

2014-06-10 12:42:21

Өөрийн хүсэлтээр сайдын суудлаас огцорсон Х.Баттулгын оронд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилохоор болж өнөөдөр байнгын хорооны хуралдаанд гишүүдийн олонх дэмжсэн.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдын албан тушаалд томилох саналыг өнгөрсөн сард Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Харин Ерөнхийлөгч “Засгийн газрын гишүүнд УИХ-ын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй” гэсэн саналыг илэрхийлсэн.
 
Засгийн газрын гишүүдийг давхар алба хаших асуудлыг эсэргүүцэж, “Давхар дээл”-ний хуулийн төслийг оруулж ирсэн учраас Ерөнхийлөгч уг асуудлыг дэмжихгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой байсан юм. Гэтэл Ерөнхийлөгчийн энэхүү эсэргүүцсэн саналыг ч үл харгалзан АН-ын бүлэг Ш.Түвдэндоржийг зүтгүүлсээр байгаад өнөөдөр байнгын хорооны олонхийн дэмжлэг авлаа.
 
УИХ дахь АН-ын бүлэг ийнхүү Ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байгаагаа манай улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу зөв зарчмаар явагдаж байгаа гэж тайлбарласан.
 
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс тодруулахад “Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уг асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д Ерөнхий сайд өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн заалт бий.
 
Хүмүүсийн энгийн сэтгэхүйд зөвшилцөнө гэдгийг зөвшөөрнө гэдэг утгатай дүйцүүлж ойлгох гээд байдаг. Харин энэ тохиолдолд хууль дээр ч тэр, хуулийг тайлбарласан тогтоол дээр ч тэр зөвшилцөнө гэдэг нь бичгээр харилцан саналаа солилцоно гэсэн хуулийн дагуу явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг АН-ын бүлэг, бүлгээс нэр дэвшиж энэ намаас сонгогдсон бүх Засгийн газрын гишүүд дэмжиж байгаа. Тиймээс дан, давхар дээлийг тайлах, тайлахгүй асуудал дээр ямар нэг хоёрдсон ойлголт байхгүй. Энэ асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Харин хуулийн хэрэгжих хугацаа 2016 оноос гэдэг цаг хугацаан дээр явж байгаа учраас өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд асуудлыг оруулж ирж байгаа юм” гэсэн тайлбар өгсөн юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч “давхан дээл”-ний хуулийн төслийг 2016 он буюу шинэ парламентийн үеэс хэрэгжүүлж эхэлнэ гэсэн саналтай байсан тул одоо хэдэн ч “давхар дээл”-тэй хүн Засгийн газарт байж болно гэж үзэж байгаа аж. Бүр цаашилбал одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу гэсэн тайлбараар, нэг ёсондоо “хуулийн цоорхой” ашиглаж Засгийн газрын тэргүүн “өөрийнхөө” хүнийг кабенитдаа оруулахаар зүтгүүлж байгаа бололтой.
 
Харин энэ бүхний талаар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигч Ш.Түвдэндорж “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн Үндсэн хуульд заасан хуулийн эрх зүйн орчин өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байна. Хэрвээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсарч гүйцэтгэж болохгүй гэсэн шийдвэр гарвал түүнийг дагахад бэлэн байна” гэсэн тайлбарыг хийлээ. Мөн л Үндсэн хуулийн дагуу би “давхар дээл” өмсөж болно гэсэн хариултыг өгч, зүтгэсээр байгаа юм. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ш.Түвдэндорж хэдэн ч “давхар дээл” өмсөж болно  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй