Шууд Chart

Эдийн засаг, нийгмийг ирэх онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг дэмжлээ

2014-06-10 14:52:07

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн орчин, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт таван бүлэг, 91 бодлогын арга хэмжээтэй бөгөөд эдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүн, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгийн уялдаа болон зорилт, арга хэмжээг хариуцах яам, байгууллагыг мөн тусгажээ.
 
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой тоонд, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах бодлогыг 2015 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 6.6 хувь хүртэл бууруулахаар төлөвлөсөн байна. Төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжиж, нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 31.4 хувьд, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн эзлэх хувийг -2 хувиас багагүй байлгахаар төлөвлөжээ. Мөн зээлийн хүүг бууруулах бодлогыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан аж.
 
Эдийн засгийн салбаруудын өсөлтийг дэмжих чиглэлээр хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудыг дэмжих тодорхой бодлого хэрэгжүүлэн, эдгээр салбаруудын өсөлтийн үр дүнгээр ДНБ-ий өсөлтийг хангах бодлого баримтлахаар төлөвлөжээ.
 
Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засаг, нийгмийг ирэх онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг дэмжлээ  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй