![](/uploads/201406/news/thumb/f1c0b60b099914c08249572dcb51102b_x3.jpg)
Сар бүр зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэгт өнөөдөр Сангийн сайд Ч.Улаан болон Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас санаачлан өргөн барьсан Татварын шинэчлэлийн эхний үе шат болох дараах хуулиудыг УИХ-аас баталлаа. Эдгээр нь:
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор импортоор оруулж ирэх тоног, төхөөрөмжийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль
-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлыг бууруулах, техник тоног төхөөрөмжөөс хамаарах саатлыг арилгах зорилгоор импортын гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг хоёр хүртэл жилээр хойшлуулах тухай хуулиуд юм гэж Сангийн сайд Ч.Улаан мэдээллээ.
Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Энэ төслөөр НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан. Арилжааны банкнаас Хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах тухай ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан, УИХ-аар хэлэлцүүлэг эхлээд явж байна гэж Сангийн сайд хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-аар баталсан болон хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар бизнес эрхлэгчид тодруулга авч, эдгээр өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн татвар төлөлт, тайлагнах үйл ажиллагаатай холбоотой асуулт, санал гомдлууд олон гарч байлаа.
Түүнчлэн өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр татвар төлөгч иргэд татварын тайлангаа цаасаар тушаах шаардлагагүй болж цахим гарын үсгийн систем ашиглан хүссэн газраасаа тайлангаа бүрэн тушааж, татвараа цахимаар төлөх боломжтой болж байгаа талаар Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай танилцуулсан юм.
Татварын багц хуулийн өөрчлөлтийн талаар ярилцав | ||
Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.