Шууд Chart

Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлоготой болно

2014-06-11 09:12:35

Өчигдөр  УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив.

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, эдийн засгийг байгалийн баялаг, уул уурхай түшиглэсэн бус мэдлэгт суурилсан хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг баримталж байна. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг олон улсын хөгжлийн түвшин, ирээдүйн чиг хандлагад нийцүүлэх зэрэг хэд хэдэн шаардлагаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулсан байна.
 
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан, үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх зарчмуудыг шинээр оруулсан. Судалгаа боловсруулалтын ажлыг нийгмийн хөгжил, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, эрдмийн (академик) эрх чөлөөг эрхэмлэсэн байхаар шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан гэдгийг төсөл санаачлагч танилцуулав.
 
Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн баталснаар, эдийн засаг, нийгмийн хувьд шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц, эдийн засаг, нийгмийн эрэлт, хөгжлийн захиалгад нийцсэн өрсөлдөх чадвартай болж, хөгжлийн шинэ шатанд дэвших, хууль зүйн хувьд уг салбарт мөрдөгдөж буй эрх зүйн зарим баримт бичгийг бодлогод нийцүүлэн шинэчлэх эрх зүйн боломж бүрдэнэ. Улмаар шинжлэх ухааны парк байгуулагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний эзлэх хувийн жин нэмэгдэнэ гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр илэрхийллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлоготой болно  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй