![](/uploads/201406/news/thumb/f5861c0772745d128fe7453dce0e63e4_x3.jpg)
Өчигдөр Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү, А.Бакей, Л.Гантөмөр нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллаж байгаа юм. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг “Бид хилээ манадаг хэрнээ хэлээ маналгүй иржээ. Гэтэл улс үндэстнүүд хэлээ хил шигээ хамгаалдаг юм байна. Ялангуяа даяаршил эрчимтэй явагдаж буй энэ цаг үед улс үндэстэн үргэлжилж үлдэх баталгаа нь хэл гэж үздэг. Иймд салбар, салбарын зохицуулалт шаардаж байгаа энэ том бодлогыг авч явах Төрийн хэлний үндэсний зөвлөлийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн дэргэд байлгавал хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадна гэж үзсэн” гэж тайлбарласан юм.
Түүнчлэн М.Батчимэг гишүүн Монгол хэлний тухай хууль Үндсэн хуулийн нэгэн адил монгол хэлний “манаач” байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж энэ хуулийг яаравчлан гаргах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлсэн юм.
Уг хуулийн төслийг ирэх пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
М.Батчимэг: Бид хилээ манадаг хэрнээ хэлээ маналгүй иржээ | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.