Шууд Chart

Дээд хэмжээний уулзалт эхэллээ

2014-06-11 15:47:38

Азийн төсвийн зарлагын удирдлагын холбоо (АТЗУХ)-ны ээлжит дээд хэмжээний уулзалт энэ сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар өнөөдөр нээлтээ хийлээ.

Азийн төсвийн зарлагын удирдлагын холбоо (АТЗУХ) нь төрийн санхүүгийн удирдлагын чиглэлээр Азийн бүс нутгийн орнуудын чадавхийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг хамтран шийдвэрлэх, хөгжиж буй болон хөгжингүй орнуудын Төрийн санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөллийг мэргэшүүлэх, тэднээр дамжуулан тухайн орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой аж.
 
Одоогийн байдлаар тус холбоонд Хятад, Өмнөд Солонгос, Камбож, Лаос, Филиппин, Тайланд, Вьетнам, Малайз, Мьянмар, Индонези, Зүүн-Тимор болон Монгол улсууд багтдаг бөгөөд шинээр Япон улс нэмэгдэн үйл ажиллагаанд оролцож байна. Тус холбооны үйл ажиллагааг Солонгос Улсын Сангийн яам, Австрали Улсын Засгийн газар, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагууд хамтран санхүүжүүлж, идэвхитэй дэмжин ажилладаг байна.
 
Манай улсын хувьд холбооны үйл ажиллагаанд 2012 оноос эхлэн идэвхитэй оролцон ажиллаж байгаа юм. Энэхүү холбоонд манай улс элсэн орсноор Азийн бүс нутгийн бусад орнуудын санхүүгийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой туршлага судлах, бүс нутагт тулгамдаж буй санхүүгийн шинэчлэлийн асуудлаар техникийн туслалцаа авах, санхүүгийн удирдлагын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх, туршлага судлуулах, Азийн бүс нутгийн бусад улсын санхүүгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын албан хаагчидтай холбоо тогтоох зэрэг олон талаар хамтран ажилладаг болсон ажээ.
 
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар 2014 оны ажлын төлөвлөгөө болон холбооны цаашдын хамтын ажиллагаа, бүс нутгийн орнуудад тулгамдаад буй асуудлуудыг хэрхэн даван туулах зөвлөмж гаргах аж.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Дээд хэмжээний уулзалт эхэллээ  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй