Шууд Chart

Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг шинэчилнэ

2014-06-13 08:42:29

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.

УИХ-аас “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг 1995 онд, "Чөлөөт бүсийн тухай" хууль болон "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2002 онд, "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль болон "Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2003 онд тус тус батлан гаргаснаас хойш 10 гаруй жил өнгөрөөд байна. Чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт хийхээр гадаад дотоодын 86 аж ахуйн нэгж бүртгүүлснээс гурван аж ахуйн нэгж бодит хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэлээ хангаад байгаа юм.
 
Цаашид чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэчлэлт, чөлөөт бүсийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага болон манай улсын онцлог, эрх ашигт нийцүүлэн чөлөөт бүсийн хууль, эрхзүйн орчныг дахин өөрчлөх шаардлага гарсан байна.  Дээр дурдсан хууль эрхзүйн орчны шинэчлэлт, чөлөөт бүсийн хөгжлийг түргэтгэх үндсэн шаардлагуудын дагуу Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг есөн бүлэгтэй байхаар боловсруулжээ.
 
Шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын хилийн боомтын бүсэд чөлөөт бүсийг түлхүү байгуулж хөгжүүлэх, Чөлөөт бүсэд иргэний бараа солилцоо, худалдааг дэмжих, чөлөөт бүсийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, татвар, гааль зэрэг тусгай дэглэмийн зохицуулалтыг хуульчилах замаар хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, Чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламжийг төр хувийн хэвшлийн түншлэлийн замаар байгуулах, улмаар төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтойг хууль санаачлагч дурдлаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг шинэчилнэ   
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй