![](/uploads/201406/news/thumb/643790a279dfb80c01bb683c3f578d6a_x3.jpg)
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дэд даргад өргөн барилаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн наймдугаар зүйлд зааснаар УИХ бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд 2014-2016 онд нийт 22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар тусгаад байна.
“Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгасан хувьчлах хуулийн этгээдүүдийн хувьд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар таван хуулийн этгээдийг, хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар дөрвөн хуулийн этгээдийг, нээлттэй дуудлагын худалдаагаар хоёр хуулийн этгээдийг, монголын хөрөнгийн биржээр найман хуулийн этгээдийн хувьцааг худалдах замаар хувьчлахаар төсөлд тусгагдсан байна.
Мөн “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай” Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоол гарч нийт найман амралт, сувилалын газрын эд хөрөнгийг цогцолбороор нь, 25 барилгыг инженерийн байгууламж, эзэмшил газрын хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлээд байгаа аж.
Эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг үндэслэн дуудлагын худалдаа явуулахдаа 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлдэг. Худалдах хөрөнгийн зарыг нийтэд заавал 30 хоногийн өмнө зарлах шаардагагүй гэж үзэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хууль санаачлагч дурдлаа. Мөн хуульд өөрчлөлт орсноор хугацаа алдалгүй төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэлтэд зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа ажээ.
Төрийн өмчийг хувьчлах журмыг өөрчилнө | ||
Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.