![](/uploads/201406/news/thumb/caccec9d3d2d8002c01e330dcdcfb949_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 103 дугаар чуулганд оролцох үеэрээ буюу энэ сарын 10-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвд айлчилж, тус төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Майкл Мөллертэй уулзжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд өөрийн оруулж буй хувь нэмрийг өргөжүүлэх, НҮБ, түүний Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах бодлого баримталж буйг онцлон тэмдэглэсэн байна.
Тэрээр Монгол Улс НҮБ-ын хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлэх, хоршооллын хөгжил, бүх нийтээр бичигтэн болох, зэвсэг хураах, ардчиллыг бататгах болон энхийг сахиулах зэрэг чиглэлээр идэвхитэй ажиллаж ирснийг дурдаж цаашид ч олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ажиллахын төлөө байгааг илэрхийлжээ. Мөн энэ хүрээнд Монгол Улс 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль, 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний сонгууль болон удахгүй Найроби хотноо болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ассамблейн Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэрээ дэвшүүлснийг мэдээлсэн байна.
НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Майкл Мөллэр Монгол Улсаас НҮБ-ын үйл ажиллагаа, хүчин чармайлтад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ ирэх 2015 онд Монгол Улс Зэвсэг хураах бага хурлыг даргалах гэж буйг дурдаж НҮБ дэх Европын эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг хангах, эдийн засаг, нийгмийн сорилтуудыг шийдвэрлэхэд техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллахаа мэдэгджээ.
Түүнчлэн уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён Майкл Мөллэрийг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
Ерөнхий сайд НҮБ-ын Женев дэх төвд айлчилжээ | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.