Шууд Chart

Газрын тухай хуулийг эргүүлэн татах ёстой гэв

2014-06-16 13:51:15

Бие даагчдын бүлэг хуралдаж энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар саналаа нэгтгэсэн байна. Энэ талаараа тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүлгийн хурлаар хамгийн эхэнд Газрын тухай хуулийг хэлэлцжээ. Ингээд тус хуулийг эргүүлэн татах ёстой гэж үзсэн байна. Учир нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр хувьчлах гэсэн санаархал тус хуулинд явж байгааг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун онцоллоо. Сая өргөн баригдсан Газрын тухай хуулинд Газрын бирж байгуулна гэсэн заалт явж байгаа аж. Улмаар биржээр дамжуулан газрыг худалдана гэж хуульд тусгасан байна. Энэ нь маш буруу зүйл бөгөөд биржээр зөвхөн мөнгөтэй, олигархиуд л үйлчлүүлнэ. Тэгэхээр яваандаа газар цөөн хэдэн мөнгөтэй хүний эрх мэдэлд очих талтай. Манай улс 2007 оноос хойш иргэн бүрт газар эзэмшүүлэх ажлыг эхлүүлсэн. Гэтэл улс орон даяар газар эзэмшүүлэх ажил дөнгөж 17 хувьтай байгаа. Ийм бага үзүүлэлтэй байгаа нь иргэн бүр газраа эзэмшиж чадахгүй байгаагийн илрэл. Хэрвээ биржээр газрыг зараад эхэлбэл их хэмжээний газрыг хууль бусаар олж авсан цөөхөн хэдэн хүн улам байжихын нэр гэж тус бүлгээс үзэж байгаа аж.

Цаашилбал тус хуулинд аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх нэрийдлээр томоохон аж ахуй нэгжүүдэд хувьчлахыг санаархаж байгаа,  мөн иргэдийн өмчилж аваагүй газрыг дуудлага худалдаагаар зарах  заалтууд явж байгаа нь буруу гэж бие даагчид үзэж байгаа юм байна. Үүнээс гадна гадаадын иргэнд дуудлага худалдаагаар 60 жил хүртэл хугацаагаар газар эзэмшүүлнэ гэж тусгажээ. Тиймээс энэ хуулийг санаачлагчид нь эргүүлэн татах нь зүйтэй гэв.
 
Мөн энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх чухал төсөл бол Ашигт малтмалын тухай хууль юм. Энэ хуульд стратегийн орд бүхий төрийн хувь эзэмшлийг байхгүй болгох, хайгуулыг нээлттэй болгох гэж байна. Тиймээс эдгээрийг бие даагчдын зүгээс эсэргүүцэж баййгаа гэлээ. Төр хувиа эзэмшиж байж ард түмэн байгалийн баялагаасаа хүртэнэ. Стратегийн чухал ордууд ганц гэр бүлд оччихвол ард түмэн тэндээс хэзээ ч хувь хүртэж чадахгүй гэв. Цаашилбал хэн нэгэн мөнгөтэй этгээд улсын чухал орд газрыг хувьдаа авчихаад гадны иргэдэд зарах үзэгдэл их болсон. Энэ нь эргээд биднийг гадныхнаас хараат болгох талтай. Тиймээс уг хуулийн төсөл дээр маш нухацтай хандах ёстой гэлээ. Хэрвээ төр стратегийн ордуудад эзэмших хувиа байхгүй болговол түүхэнд үлдсэн тэнэг улсуудын нэг болно. Баялагаа үнэлдэг тэгээд 50 хувийг нь авдаг байх ёстой. Баялагаа гаргадаг мөртлөө үйлдвэрээс нь худалдаж авдаг тэнэг тогтолцоотой улс хаана ч байхгүй гэлээ.
 
 
Түүнчлэн энэ долоо хоногт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуульд хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан бол эдийн засгийн өршөөл үзүүлнэ гэж тусгасан байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ талаар "Хөрөнгө орлогын мэдүүлгийг зөвхөн төрийн өндөр, дээд албан тушаалтнууд мэдүүлдэг. Гэтэл санаатай болон санамсаргүйгээр хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан бол өршөөл үзүүлнэ гэж заасныг бид эсэргүүцэж байна. Хөрөнгө орлогын  мэдүүлэг олон хүнийг хамардаггүй, зөвхөн төрийн албан хаагчдыг хамарч байгаа учраас энэ заалтыг хасах ёстой. Эдийн засгийн хямралыг даван туулах нэрээр төрөөс хулгай хийгээд баяжчихсан хүмүүсийг өршөөгөөд яваад байж болохгүй " гэлээ.

 

Үүнээс гадна Галт зэвсгийн тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуулиадад анхаарал тавьж ажиллана гэлээ. Хөдөөгийн 1700 гаруй малчин өрхийн хамгаалалтын зэвсэг болох бууг хурааж авах заалтыг Галт зэвсгийн тухай хуулинд тусгасан байгаа аж. Хөдөөний малчид эзгүй хээр талд дөрвөн улирал нүүдэллэн суурьшдаг. Тэд сүүлтэй, сүүлгүй чононоос өөрсдийгөө болон малаа буугаар хамгаалдаг. Гэтэл бууг нь хураагаад авчихаар тэд өөрсдийгөө хамгаалах хэрэгсэлгүй болж байна гэж Ц.Даваасүрэн гишүүн онцолов. Тиймээс  уг хуулинд малчид руу чиглэсэн хөнгөлөлттэй заалтыг оруулж ирэх ёстой гэлээ. 

Нийтэлсэн: О.Энхмаа

Газрын тухай хуулийг эргүүлэн татах ёстой гэв  
Үзсэн: 1285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй