Шууд Chart

“77+Хятад” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцов

2014-06-17 10:28:56

Боливи Улсын Санта Круз хотноо энэ сарын 14-15-нд Хөгжиж буй орнуудын “77+Хятад” бүлгийн дээд хэмжээний уулзалт боллоо. Тус бүлэг байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хурлын нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга Жон Аш нар хүндэт зочноор уригдан оролцсоноос гадна дэлхийн 133 гаруй орны өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.
 
Нэгдсэн хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баярын илгээлтийг уншиж танилцуулаад гарын үсэгтэй хувийг хуралдааны даргад гардуулав. Түүнчлэн, Дэд сайд Д.Ганхуяг хуралдааны үеэр 20 гаруй орны Гадаад хэргийн сайд, дэд сайд, Элчин сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
 
Хөгжиж буй орнуудын “77+Хятад” бүлэгт НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр багтаж, дэлхийн хүн амын 77 хувь, эдийн засгийн 43 хувийг уг бүлгийн гишүүд эзэлдэг. Энэхүү бүлэг НҮБ-ын хүрээнд дэлхийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд хөгжиж буй орнуудын тэгш эрхийг хамгаалах, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих гол зорилготой бөгөөд манай улс тус бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдийн нэг аж. Хурлын төгсгөлд Санта Крузын Тунхаглалыг гаргажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“77+Хятад” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцов  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй