Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Улсын хэмжээнд монгол хэлний шалгалтад нийт 38342 хүүхэд хамрагдахаас 36775 хүүхэд буюу 95.9 хувь, орос хэлний шалгалтад нийт 3226 хүүхэд хамрагдахаас 2992 хүүхэд буюу 92.8 хувь, англи хэлний шалгалтад нийт 27321 хүүхэд хамрагдахаас 26435 хүүхэд буюу 96.8 хувь, химийн шалгалтад 9641 хүүхэд хамрагдахаас 9291 хүүхэд буюу 96.3 хувь тус тус хамрагдсан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн бүх төгсөгчид энэ жилээс эхлэн монгол хэлний шалгалтыг заавал өгөх болсон. Монгол хэлний хэлний шалгалтад нийслэл, орон нутгийн хэмжээнд нийт 1500 хүүхэд хоцорч шалгалтад орж чадаагүй тул БШУ-ны сайдын гаргасан шийдвэрээр эдгээр хүүхдүүдийг дараагийн шатны сонгосон шалгалтуудад хамруулж, монгол хэлний шалгалтыг дахин зохион байгуулахаар болжээ.
Политехник коллеж дээр шалгалтын үед хүүхдийн дээрээс салхивч унан шил нь хагарч, хүүхдийн гарыг зүссэн, “Энх-Орчлон” дээд сургууль шалгалтыг цайны газрын зааланд зохион байгуулсан, “УБ-Эрдэм” их сургууль дээр хоёр материал дутуу ирсэн, ХААИС дээр шалгалтын материал тогтоол, протокол, лацгүй ирсэн, “А” хувилбар нь хэвлэлийн алдаатай, сорилын зарим даалгавар дутуу хэвлэгдсэн, нэг сурагч өөрийнхөө оронд ахыгаа оруулахыг завдсан зэрэг зөрчил илэрчээ.
Түүнчлэн, элсэлтийн шалгалтанд сургууль, эцэг эхийн зүгээс хайхрамжгүй хандаж шалгалт өгөх байр, дээд сургуулийн байршлыг сайн хэлж, автобус унааг зааж өгөөгүйгээс хүүхдүүд төөрч, будилах, элсэлтийн ерөнхий шалгалтын журмын 3.6-д заасан материалуудаа дутуу бүрдүүлж ирэх зэргээс шалгуулагч шалгалтаасаа хоцрох нь нийтлэг байна. Цаашид Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтыг хүүхдийн эрхийг дээдэлж сургалтын зориулалтын гэрэлтүүлэг, агааржуулагчтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан байранд зохион байгуулах шаардлагатай байна гэж Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас мэдээллээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр олон зөрчил илэрчээ | ||
Үзсэн: 3155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.