Шууд Chart

Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар танилцуулжээ

2014-06-19 09:12:04

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өчигдөр Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Ажиглагчдын багийн дарга Одри Гловер болон тус байгууллагын зөвлөх, Монгол Улсыг хариуцсан ажилтан Александр Шлик нарыг хүлээн авч уулзлаа.

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба нь өнгөрсөн 2013 оны зургаадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд хоёр сарын турш  ажиглалт хийсэн бөгөөд нэгтгэсэн эцсийн тайланг өгөхөөр хүрэлцэн иржээ. Хатагтай Одри Гловер Монгол Улс Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн улс болоод удаагүй байх үед  сонгуулийн үйл ажиллагаатай танилцах завшаан олдсонд  баяртай байдаг хэмээн онцлон тэмдэглээд цаашид сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой засаж залруулах олон зүйл байгааг хэлсэн юм.
 
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, сонгуулийн үйл ажиллагаатай танилцаж ажиглалт хийсэн явдалд талархаж байна. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас өгсөн санал зөвлөмжийг "Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хууль"-ийн  төсөлд тусгаж ажиллах болно. Монгол Улсын бүх шатны сонгуулийн үйл ажиллагаанд өөрчлөлт авчрах чухал хувь нэмэр оруулж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад нөлөөлөхүйц дэмжлэг үзүүлсэнд талархаж байна гэв.
 
Түүнчлэн санал зөвлөмжтэй санал нэгдэж буйгаа илэрхийлээд шинээр батлагдах "Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хууль"-ийн  төслийн  талаар танилцуулж харилцан санал солилцсон юм. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей үнэтэй санал зөвлөмж хэлсэнд талархаад өргөдөл, гомдол шийдвэрлэх бие даасан комисс байгуулах талаар хуулинд оруулах төлөвлөгөөтэй байгааг дуулгасан. Мөн  цаашид улс төрийн намуудын төлөвшилд түлхүү анхаарах энэ талаар бусад улс орны тэргүүн  туршлагыг  судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
 
Уулзалтын төгсгөлд хатагтай Одри Гловер “Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хууль" боловруулах ажилд дэмжлэг үзүүлж Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас хууль эрх зүйн зөвлөгөө өгөхийг хүсч буйгаа илэрхийлжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар танилцуулжээ  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй