Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар түүний дотор ярианы үйлчилгээний зах зээлд өрсөлдөөн оруулах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх бодлогын хүрээнд 1995 оноос эхлэн үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-иуд үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж байна.
Үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт хэрэглэгч, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлж байдаг аж. 2013 оны жилийн эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4.247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9%-д хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байгаа юм.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаар суурь судалгаа хийж дүгнэлт, санал боловсруулан ажиллажээ. Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм байна.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болох ажээ.
Энэхүү боломжийг бий болгохын тулд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байна. Одоо энэ асуудлыг УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Дугаараа өөрчлөхгүйгээр оператор компаниа сольж болно | ||
Үзсэн: 1600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.