Шууд Chart

Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн ажиглалтаа тайлагнав

2014-06-19 08:32:54

УИХ-ын дэд дарга М.Энхболд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал Янез Ленарчич болон тус байгууллагын зөвлөх Бостиян Сирник нарыг өчигдөр хүлээн авч уулзав.

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага  нь гишүүн орнуудад болж буй сонгуулийг ажиглах, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бүтэцтэй байгууллага юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал, ноён Янез Ленарчич уулзалтын эхэнд  өнгөрсөн 2013 оны зургаадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийсэн нь хамтын ажиллагааг бататгасан чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглээд ажиглалтын тайланг албан ёсоор хүлээлгэж өгөхөөр ирсэн тухайгаа дуулгав.
 
Мөн тайланд буй зөвлөмжүүдийг холбогдох хуулийн төслийг хэлэлцэхдээ тусгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхийн сацуу сонгуулийн үйл ажиллагаа шударга өрсөлдөөнтэй болж өнгөрсөн эерэг дүнтэй тайлан гарсан ч цаашид авч хэрэгжүүлэх олон зүйл байгааг хэлсэн юм.
 
УИХ-ын дэд дарга М.Энхболд, Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн  ардчилсан сонгуулийг бий болгоход ихээхэн дэмжлэг үзүүлж буйд талархаад тайланд тусгасан заавар зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн энэхүү тайлан нь  Монгол Улсын сонгуулийн эрх зүйн орчинг олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөхөд чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглээд орон нутгийн болон УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн хуультай болох  үүргийг хариуцсан ажлын хэсэгт  тайланг танилцуулна гэлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн ажиглалтаа тайлагнав   
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй