Шууд Chart

Шилэн дансны тухай хуульд Монголбанк хамаарахгүй

2014-06-19 10:40:27

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дахин өргөн барьсан Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж яаралтай хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж саналаа хэлсэн. Тухайлбал, зарим гишүүн өмнөх хэлэлцүүлгийн үеэр яригдаж байсан Шилэн гэдэг нэрийг өөрчлөх саналтай буйгаа хэлсэн юм. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хууль санаачлагч буюу Ерөнхийлөгч болон ажлын хэсгийн гишүүд ярилцаж байгаад шилэн гэдэг нэршил дээр тогтсон. Шилэн гэдэг үг нь тунгалаг гэсэн утгыг илэрхийлж байгаа, язгуураараа монгол хэлний үг мөн гэсэн тайлбарыг хийсэн юм.
 
Түүнчлэн ажлын хэсгийн гишүүн П.Цагааны хэлснээр энэ хуулиар төсөв захиран зарцуулж байгаа мэдээллээс гадна ирээдүйд өрийн дарамт үүсгэж болох шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг ил тод байлгах асуудлыг зохицуулах аж.
 
Өөрөөр хэлбэл, нийслэл болон хөдөө орон нутаг дахь бүх байгууллагууд байгууллагын вэб хуудастай бол тухайн цахим хуудсандаа, харин цахим хуудасгүй бол байгууллагын мэдээллийн болон зарлалын самбарт төсвийн зарлагын мэдээллийг олон нийтэд мэдээлэх юм байна. Ингэхдээ тухайн байгууллагад ажиллаж байгаа иргэд байгууллагынхаа төсвийн мэдээлэл, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурсан зарлага, орлогын мэдээллийг бүрэн хянах боломжтой болох аж.
 
Харин Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тэрхүү шилэн цахим хуудсанд мэдээлэхгүй юм байна. Учир нь Монголбанк зэрэг байгууллагууд нь өөрсдийн зохицуулалтын тусдаа хуультай учир Шилэн дансны хуулийн зохицуулалтад хамаарахгүй ажээ.
 
Түүнчлэн иргэд тухай байгууллагынхаа төсвийн зардлыг хянахаас улсын төсөв, макро эдийн засагтай холбоотой асуудалд төдийлөн үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй гэж үзжээ.
 
Ингээд дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 90.2 хувь нь дэмжсэн тул уг хуулийн төслийг хэлэлцэхээр бол анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Шилэн дансны тухай хуульд Монголбанк хамаарахгүй  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй