УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна
Уг Хяналтын тухай хуулийн төслийг УИХ-ын А.Бакей нарын гишүүд энэ сарын 10-ны өдөр дахин өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг өмнө нь УИХ-д хоёр удаа өргөн барьсан бөгөөд хоёр удаа унасан. Ийнхүү гуравдахь удаагаа өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Ж.Энхбаяр нарын зарим гишүүд өмнө нь хоёр удаа дэмжигдээгүй байтал дахин өргөн барьж байгаа нь хувийн ямар нэг ашиг сонирхлын асуудал байна гэж үзэж буйгаа хэлсэн юм.
Харин уг хуулийг санаачилж өргөн барьсан А.Бакей гишүүн энэ хуулийн төсөлд ямар нэг хувийн ашиг сонирхол байхгүй, харин бизнес эрхлэгчдэд учирч байгаа давхар дарамтуудыг арилгах, төрийн төвлөрлийг багасгах зорилготой хэмээсэн юм.
Мөн Ё.Отгонбаяр нарын зарим гишүүд уг хяналтын тухай хуулийн төслөөр Засгийн газрын хяналтыг яамдуудад тарааж өгч байгаа нь гүйцэтгэх засаглал өөрийгөө хянах боломжгүй болгож байна гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл яаманд байгаа хяналтын хэлтэс, мэргэжилтнүүд сайдыгаа хянах боломжгүй болно гэсэн юм.
Түүнчлэн хяналтыг боловсронгуй болгосноор хэн нэгэн эрх мэдэлтэй хүн улс төрийн зорилгоор захиалгат хяналт хийдэггүй, харин эрсдэлд суурилсан төлөвлөгөөт хяналтыг хийдэг болно хэмээсэн юм. Мөн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналтын харьцааг 20:80 болгосон гэлээ. Түүнчлэн А.Бакей гишүүн 2000 албан хаагч, хоёр дэд дарга, зургаан газар, 12 хэлтэс бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг хэтэрхий нүсэр төвлөрөлтэй байна гэсэн.
Харин Ж.Эрдэнэбат гишүүн анх мэргэжлийн хяналтыг тусад нь байгуулахад 13 яам байсан, тэгэхэд мэргэжлийн хяналтын 12 хэлтэс байна. Харин одоо 17 сайдтай болохоор хуулийн төсөлд тусгаснаар хяналтыг салбар бүрт тараавал тэр чинээний л олон болно. Тэгэхээр энэ хэрээрээ бизнес эрхлэгчдэд илүү дарамт болно гэж үзэж буйгаа хэлсэн юм.
Мэргэжлийн хяналтын эрх үүргийг яамдуудад шилжүүлнэ | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.