Гадаад харилцааны сайд Л.Болд Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Луис Берналыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Сайд Л.Болд Элчин сайд Х.Л.Берналыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргээд Монгол, Мексикийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ аялал жуулчлал, газрын тос олборлолт, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бололцоо бүрэн буйг тэмдэглэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан бие биенээ дэмжих зэргээр хамтран ажиллахын чухлыг дурдаж, Монгол Улсад АПЕК-т гишүүнээр элсэх саналыг Мексикийн Засгийн газар дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Элчин сайд Х.Л.Бернал Монгол, Мексикийн харилцааны түвшинг ахиулах, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааг шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахаа мэдэгдэв. Тэрбээр иргэд хоорондын харилцаа, бизнес эрхлэгчдийн шууд хэлхээ холбоог хөхиүлэн дэмжих, хамтарсан уулзалт, арга хэмжээ зохиохоор төлөвлөж байгаагаа тэмдэглэв.
Талууд ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, энэ хүрээнд өндөр, дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх, соёлын арга хэмжээ хамтран зохион байгуулахаар ярилцсанаас гадна ирэх хичээлийн жилээс 15 монгол оюутныг Мексикийн Засгийн газраас тэтгэлгээр Мексикийн их, дээд сургуулиудад суралцуулахаар тохиролцлоо.
Мексикийн элчин сайдыг хүлээн авлаа | ||
Үзсэн: 812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.