![](/uploads/201406/news/thumb/814870a0c7e05d6027cb3afebaf7e5e3_x3.jpg)
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлангийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хийлээ.
Сангийн сайд Ч.Улааны танилцуулсан уг тайланд дурдсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2013 онд 11.7 хувьтай гарч, энэхүү өсөлтийн 5.1 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 4.3 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2 нэгж хувийг хөдөө аж ахуй эзэлсэн ба барилгын салбарт үзүүлж байгаа төрийн дэмжлэг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөө үзүүлжээ. 2013 онд хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 3.3 тэрбум ам, долларын ашигтай, урсгал тэнцэл 3.2 тэрбум ам. долларын алдагдалтай гарч нийт тэнцэл 114.6 сая ам. долларын ашигтай гарсан байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт уул уурхайн бүтээн байгуулалтын ажил, гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх харьцангуй өндөр үнэ, цаг агаарын таатай нөхцөл байдал зэргээс хамаарч 2011 онд 17.5 хувь, 2012 оны эхний хагас жилийн байдлаар 13.1 хувьд хүрсэн өндөр үзүүлэлттэй байсан тул эдийн засгийн энэхүү өсөлтийг цаашид үргэлжлүүлэхээр тооцон 2013 онд 18.5 хувь байхаар төсөөлж, төсвийн орлогын төлөвлөгөөг боловсруулсан байв.
Монгол Улсын эдийн засаг 2013 онд төлөвлөсөн хэмжээнээс 6.8 хувиар буурч 11.7 хувьд хүрсэн нь төсөвт төвлөрүүлэх орлогын албан татвар, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тасрахад гол нөлөө үзүүлжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2013 оны гүйцэтгэлээр 5,940.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.8 хувь буюу 459.5 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1,076.9 тэрбум төгрөгөөр буюу 22.1 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан нь олон жилийн дундаж өсөлттэй ойролцоо байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2013 онд 6,164.7 тэрбум төгрөгт хүрч 90.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Улсын төсвийн зарлагад 5,165.6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 4.683.0 тэрбум төгрөгийн зарлага гарч, 90.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
2013 онд нэгдсэн төсвийн нийт тэнцлийг -487.1 тэрбум төгрөгөөр төлөвлөж байсан ба эцсийн гүйцэтгэлээр -224.6 тэрбум төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувьтай тэнцэж байна. Хүний хөгжил сангийн төсвийн тэнцэл, орон нутгийн төсөв болон НДС-ийн төсөв нь ашигтай гарчээ.
Улсын төсөвт 2013 онд онцгой албан татварын орлогоор 198.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 209.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 105.5 хувиар биелүүлсэн байна.
Өнгөрсөн 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,124.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуульчлагдан батлагдсанаас нийт 787.8 сая төгрөгийн санхүүүжилт хийгдэж төлөвлөгөөний биелэллт 70.1 хувьтай гарсан байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн хэмжээнд авч үзвэл орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад 370.5 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтад 5.2 тэрбум төгрөг, нийт 1,346.3 тэрбум төгрөгийг олгосон нь хамгийн их хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдсэн он болсон байна.
Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулиар нийт Хүний хөгжил санд 397.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 393.5 тэрбум төгрөг төвлөрч үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 325.0 тэрбум төгрөг, ногдол ашгаар 68.3 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин Хүний хөгжил сангаас санхүүжүүлсэн нийт зардлын хэмжээ 278.3 тэрбум төгрөг буюу төлөвлөсөн хэмжээнээс 1.6 хувиар бага гарсан байна.
Нийгмийн даатгалын санд төлөвлөснөөс 46.9 тэрбум төгрөг илүү хуримтлуулж, орлогын төлөвлөгөөг 104.8 хувиар давуулан, зарлагыг батлагдсан төсөвт багтаан зарцуулжээ.
Орон нутгийн 2013 оны төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 1,901.7 тэрбум төгрөгт хүрч, орлогын бүрдүүлэлт 100.6 хувийн биелэлттэй, нийт зарлага 1.794.1 тэрбум төгрөгт хүрч, 87.2 хувийн гүйцэтгэлтэй гарч, урсгал тэнцэл 613.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, нийт тэнцэл 107.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ажээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тайланг танилцууллаа | ||
Үзсэн: 1283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.