![](/uploads/201406/news/thumb/fea71786d08c9563ba55b30612d97607_x3.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллажээ. Тэрээр эхлээд Орхон аймгийн удирдлагуудтай уулзаж, бүтээн байгуулалтын ажлын талаар санал бодлоо солилцсон байна.
Аймгийн удирдлагууд Хангайн бүсийн тулгуур төв болгон 2020 он хүртэл хөгжүүлэх Эрдэнэт хотын хөгжлийн шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөөр хүн амын тоо 123 мянгад хүрч, 14 орон сууцны цогцолбор хороололтой болон хөгжинө гэв.
“Эрдэнэт хивс”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрсдийн ажиллагсдад зориулж 800 орчим айлын амины орон сууц барихаар төлөвлөж байгаа аж. Орхон аймагт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг бол Франц улсын Засгийн газрын 9.5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хоногт 24000 шоо метр бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил хэмээн УИХ-ын даргад танилцууллаа.
Түүнчлэн энэ сарын байдлаар Орхон аймагт анх удаа гэмт хэргийн гаралт 23 хувиар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 34 хувиар өссөн болохыг танилцууллаа. Энэ нь хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа сайжирч байгаагийн илрэл. Мөн Эрдэнэт хотод иргэд амьдрах орчин сайжирч буйг дуулгав. Гэмт хэргийн гаралтыг бууруулах нэг үзүүлэлт бол харанхуй гудамжийг гэрэлтүүлэх, камерьжуулалт хийх ажил эрчимтэй явагдаж байна хэмээн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуульзүйн хэлтсийн дарга Б.Батхуяг мэдэгджээ.
2014 онд орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны санхүүжилтээр орон сууцны хорооллуудын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлууд эхэлжээ. Гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил мөн эхэлж, Шанд багийн гэрэлтүүлгийн ажил 60 хувьтай яваа аж. Аймгийн удирдлага орон сууцны хороолол болон гэр хорооллын авто замын шинэчлэл, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн 80 хувийг шалгаруулж, тэдгээрийн 50 орчим хувь нь ажлаа эхэлсэн болохыг хэллээ.
Эрдэнэт хотод 2012-2016 онд 11276 айлын орон сууцыг барих ажил явагдаж байна. Түүнчлэн 240 айлыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлж байгаа бөгөөд тун удахгүй жишиг гэр хороолол бий болно гэдгийг онцолсон байна.
З.Энхболд Орхон аймагт ажиллав | ||
Үзсэн: 749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.