![](/uploads/201406/news/thumb/872f8fe7afc5f6a0edba75e8e512779d_x3.jpg)
Хууль зүйн байнгын хороо хуралдаж байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцлээ. Ш.Түвдэндорж ҮХАА-н сайдаар томилогдсон тул Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох асуудал яригдаж УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлсэн. Харин Уг асуудлыг хэлэлцэх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ж.Батзандан гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн. Ингээд өөрсдийн нэр дэвшүүлсэн болон хуульд заасан эрхийнхээ дагуу байнгын хорооны гишүүний нэр дэвшүүлсэн хоёр гишүүнийхээ талаар байр сууриа нэтгэхээр АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт завсарлага аваад байсан юм.
Харин өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-аас нэр дэвшсэн хоёр гишүүний талаар бүлгийн хурлаар онцгойлон хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн. Гишүүд хоёулаа хуульч мэргэжилтэй, гэсэн хэдий ч АН-ын бүлгийн зүгээс энэ удаад Д.Ганбат гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр санал нэгдлээ, Ж.Батзандан гишүүний хувьд дараагийн удаад болно" гэсэн юм.
Бүлгийн даргын энэхүү тайлбарын дараа Ж.Батзандан гишүүн үг хэлсэн бөгөөд тэрээр "Бүлгийн хурлаар ийм шийдвэр гарсан нь үнэн. Нэг талдаа бүлгийнхээ шийдвэрийг хүндэтгэж байгаа хэдий ч нөгөө талдаа хуулийн дагуу би байнгын хорооны даргад нэр дэвшиж өрсөлдөнө" хэмээсэн юм. Тэрээр мөн өөрт нь бүлгийн шийдвэрийг дагах эсвэл Үндсэн хуулийг дагах гэсэн хоёр сонголт байсан гэдгийг хэлсэн. Намынхаа шийдвэрээс зөрж Байнгын хорооны даргад өрсөлдөнө гэдгээ хэлснийхээ дараа Ж.Батзандан гишүүн "Манай улс бол парламентын тогтолцоотой улс, тиймээс улс төрийн аливаа томилгоо фракцын, тулгалтын бус ардчилсан зарчмаар хэрэгждэг байгаасай гэж хүсч байна" гэлээ. Түүнчлэн өөрт нь ийнхүү фракцийн шийдвэрийг тулгаж байгаа бүлгийн удирдлагуудыг солигдоосой гэж хүсч буйгаа хэлсэн.
Ийнхүү хоёр гишүүн байнгын хорооны даргад нэр дэвшиж санал хураалт явуулах болоход МАН-ын бүлгийн зүгээс эрх баригчдаас нэр дэвшүүлсэн хүнийг дэмжинэ гэж бодож байсан. Гэтэл ингээд хоёр хүн өрсөлдөхөөр болж байгаа учраас цөөнхийн бүлэг хэнийг нь дэмжихээ бүлгийн хурлаар хэлэлцэж байж шийдэх шаардлагатай байна хэмээгээд тав хоногийн завсарлага авч буйгаа хэлсэн юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Ж.Батзандан: Фракцийн шийдвэрийг тулгадаг АН-ын удирдлагууд солигдоосой | ||
Үзсэн: 1085 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.