![](/uploads/201406/news/thumb/9f37353609988731f628bc11263b1833_x3.jpg)
Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулсан талаар мэдээлэл цацагдсан. Улсын төсвийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгийн ингэж нэг арилжааны банкинд байршуулсан нь хууль зөрчиж байгаа бөгөөд тухайн банк ямар нэг эрсдэлтэй учирвал Нийгмийн даатгалын сангийн их хэмжээний мөнгө алга болно гэсэн мэдээллийг Үндэсний Аудитын газрын дүгнэлтийг үндэслэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хэлсэн. Уг асуудалтай холбоотойгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.
-Нийгмийн даатгалын сангаас 105 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулсан гэсэн дүгнэлтийг Үндэсний Аудитын газраас гаргасан. Энэ үнэн үү?
-Аудитын байгууллагын мэргэжилтнүүд дүгнэлт гаргахдаа тухайн оны активын үлдэгдлээс тооцолгүйгээр 2012 оны жилийн эцсийн дүнгээс үндэслээд одоогийн байгаа хадгаламжийн хэмжээнд харьцуулж 39 хувьтай гэсэн дүгнэлт гаргасан нь буруу дүгнэлт болсон. Өнөөдрийн байдлаар Капитал банкинд хадгалуулж байгаа мөнгөн дүн нийт активын хэмжээнд харьцуулж үзвэл тухайн банкны активын 18.9 хувьтай тэнцэж байгаа. Энэ нь Нийгмийн даатгалтын Үндэсний зөвлөлийн баталсан нийт арилжааны банкуудад хадгаламж байршуулах журам болон мөнгөн дүнг зөрчөөгүй. Өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн мөнгө Төрийн санд байгаа. Хэн дуртай нь тэгж Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр оролдоод байдаггүй юм.
-Журамд тухайн банкны активын хэдэн хувьтай тэнцэх хэмжээний хадгаламж байршуулна гэж заасан байдаг вэ?
-Тухайн банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хадгаламж байршуулах ёстой. Тэрнээс илүү мөнгө илүү хадгалуулвал эрсдэл үүснэ.Тэгэхээр Капитал банкинд хадгалуулж байгаа мөнгө хууль зөрчөөгүй.
-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад ямар хүүтэй хадгалуулдаг вэ?
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс арилжааны банкуудад байршуулахдаа Монголбанкны бодлогын хүүтэй дүйцүүлдэг болсон. Өнгөрсөн 2013 онд Монголбанкны бодлогын хүү 10.5 хувь болсон учраас одоо арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгалажмийн хүү нь 10.5 хувьтай байгаа.
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөнөөс нийт хичнээн арилжааны банкуудад мөнгө байршуулж байгаа вэ.Капитал банкинд яг хичнээн төгрөг хадгалуулсан байгааг хэлэх боломжтой юу?
-Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл тухайн жил арилжааны хэдэн банкинд хичнээн төгрөг байршуулах талаар ярилцаж баталдаг. Энэ жилийн хувьд арилжааны долоон банкинд 420 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламж байршиж байгаа. Банк тус бүрээр нь мөнгөн хадгаламжийг хэлэх боломжгүй. Капитал банкны тухайд 2012 онд нийт активын 8.3 хувьтай тэнцэх хэмжээний хадгаламж байршиж байсан бол 2013 онд нийт активын 18.9 хувьтай тэнцэх хэмжээний хадгаламжийг байршуулсан.
-420 тэрбум төгрөгийг долоон банкинд ижил хэмжээтэй хуваарилсан уу?
Банкуудад ижил хэмжээний мөнгө байршуулах боломжгүй. Банк болгоны активын хүчин чадал нь өөр байдаг учраас тухайн активд нь нийцүүлж гэрээгээ хийж мөнгө байршуулдаг. Манай дүрэмд тухайн банкны активын 20 хувиас хэтрэхгүйгээр мөнгөн хадгаламж байршуулах ёстой учраас тэр 20 хувьдаа л баригдах ёстой.
С.Эрдэнэ: Капитал банкинд хадгалуулсан мөнгө хууль зөрчөөгүй | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.