Шууд Chart

Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногт хийнэ

2014-06-25 14:20:27

Манай улсад өнгөрөгч 2012 онд хувийн хэвшлийнхний дунд хийсэн санал асуулгаар хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлагатай нь тодорхой болсон бөгөөд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, найман шат дамжлагаар тав хоног зарцуулж буйг хялбаршуулж, бичиг баримтыг цөөрүүлэх, бүртгэлийг шуурхай болгох хэрэгтэй болжээ.

Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа аж.
 
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2008-2012 оны тоон мэдээнээс үзэхэд 2008 оны байдлаар 44.464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол энэ тоо 2013 он гэхэд 93.733 болсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг шинээр болон нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хийж байгаа бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлийг мэдээллийн сүлжээг ашиглан цахим хэлбэрээр хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх шаардлага урган гарч  байна.
 
Дээрх шаардлагуудыг үндэслэн Засгийн газраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан юм.
 
Уг хуулийн төсөлд Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар тусгажээ.
 
Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгох зорилгоор соёл, боловсрол, сургалтын болон эрүүл мэндийн байгууллагын бүртгэлийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллага болох холбогдох төрийн захиргааны төв байгууллага бүртгэхээр заасан зохицуулалтыг өөрчлөн хуулийн этгээдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэхээр тусгасан байна. Түүнчлэн Хуулийн этгээдийн бүртгэлийг хоёроос гурав хоногийн дотор хийж, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэхээр заажээ.
 
Хуулийн төслийг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногт хийнэ  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй