![](/uploads/201406/news/thumb/47edee06df4e9f677349b32203b1d949_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдааны үеэр “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан болон Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан Засгийн газрын гишүүд, Аудитын газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүд орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлсэн ч хяналтын тогтолцоо муу байна хэмээн шүүмжилж байлаа. Мөн Төрийн албан хаагчдын тоо хэрхэн нэмэгдсэн, үүний шалтгааныг тодруулж байлаа.
Сангийн сайд Ч.Улаан, орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлсэн. Үүнтэй хамт үүрэг хариуцлагыг шилжүүлсэн. Харин хяналтын систем хараахан жигдэрч чадаагүй байна. Орон нутгийн иргэдийн хурлынхан өөрсдөө зардлаа батлаад, гадаад томилолтыг хэтрүүлэх явдал гарч байна. Бид орон нутагт тодорхой чиглэл үүргийг өгсөн. Хяналтын системийг боловсронгуй болгох шаардлага бий хэмээн хариулсан. Тэрбээр төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдсэн хэмээн хариулсан. Түүний мэдээлснээр, төсвөөс цалин авсан төрийн албан хаагчдын орон тоонд Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газраас судалгаа хийжээ. Сангийн яамнаас санхүүжилт олгосон дүнгээс харахад 2014 онд 180.6 мянган төрийн албан хаагчтай байхаар төсөв баталсан аж. Харин энэ тоо 2013 онд 176 мянга, 2012 онд 168.5 мянга байхаар тооцон төсөв баталж санхүүжүүлжээ. Сангийн сайд 2014 онд төрийн албаны орон тоо 3866-аар шинээр нэмэгдсэн гээд үүний 1354 нь хууль тогтоолын хүрээнд, 900-гаад нь хөрөнгө оруулалт нэмэгдсэнээс дагаж бий болсон хэмээсэн. Түүнчлэн өмнө нь орон тоо нь батлагдсан байсан ч хүн авч ажиллуулахгүй байж байгаад тэр орон тоон дээрээ ажилтан нөхөж авсан нь төрийн албан хаагчийн тоо 900-гаар нэмэгдсэн гэж харагдаад байгаа юм гэж хэллээ.
Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.
2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.