УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хянах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилго бүхий “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг 2013 оны зураадугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, долоодугаар сарын гуравны өдрийн УИХ-ын холбогдох Байнгын хороодоор хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхий сайдын 113 дугаар захирамжаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон аж.
Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 54 дүгээр тушаалаар Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулж, 2013 оны есдүгээр сарын зургааны өдөр зээлийн хэлэлцээг хийжээ.
Хэлэлцээний дүнд Азийн хөгжлийн банкаас хийгдэх санхүүжилт болох 20 сая ам.долларын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангаас санхүүжүүлэх ба Лондонгийн банк хоорондын захын зээлжих хүүд суурилсан хувьсах хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний таван жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр, төслийг 2014 оны зургаадугаар сараас 2017 оны зургаадугаар сар хүртэл нийт гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай тохирсон байна.
“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлснээр соронзон тууз, IC чип, зайнаас уншигдах RF технологийг нэг картанд нэгтгэсэн хосолмол картыг нэвтрүүлэх юм байна. Хосолмол картыг нийтийн тээврийн системд хэрэглэснээр зорчигч нь бэлэн мөнгөтэй харьцах шаардлагагүй болж, автобус, такси бүрт байрлуулсан хосолмол картыг хүлээн авах хэрэгсэл нь үйлчилгээний хураамжийг хэрэглэгчийн данснаас шууд суутгах зарчмаар нэгдсэн системд холбогдож тооцоог хийх аж.
Түүнчлэн банкуудын мобайл банкны үйлчилгээ рүү хандах нэгдсэн цонхтой болгож, тэдгээрийн хооронд гүйлгээ хийх боломжоор хангах юм байна. Мобайл банкны хэрэглэгч нь дансны дугаар болон утасны дугаар үл ялгаварлан өөрийн гүйлгээ хийх бөгөөд бусад бэлэн бус төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг өөрийн гар утас ашиглан авах боломжтой болох ажээ.
Тус төсөл хэрэгжсэнээр бэлэн мөнгөний хэрэглээ багасч, бэлэн бус төлбөрийн шинэ хэрэгслүүдийг хөгжүүлж, одоогийн ашиглаж буй төлбөрийн систем улам боловсронгуй, найдвартай болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүрэх боломж бүрдэнэ хэмээн үзжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэнгүй.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэнгүй | ||
Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.