Шууд Chart

Хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө

2022-09-09 07:18:37

Их Британийн хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд суусан хатан хаан Элизабет II 96 насандаа таалал төгслөө. Түүнийг сүүлийн үед суурин амьдрах болсон Шотланд дахь Балморал шилтгээндээ пүрэв гарагийн үдээс хойш нас барсан талаар ханхүү Чарьз албан ёсоор зарласан гэж BBC агентлаг мэдээлжээ.

Их Британийн  хаан ширээнд өргөмжлөгдсөн ханхүү Чарьз III, "Цог жавхлант эрхэм дээдэстэн, хайрт ээжийгээ алдсанд гүнээ гашуудаж байна. Энэ гарз улс орон даяар, хаант улс, Хамтын нөхөрлөлийн орнуудад гүн гүнзгий мэдрэгдэх болов уу" гэв. Тэрбээр "Хатан хаан дэлхий даяар бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байсан нь манай гэр бүлийг бага ч атугай тайвшруулах болно" гэжээ.

Мөн Букинхэмийн ордноос "Хатан хаан өнөөдөр үдээс хойш Балморал хотод таалал төгсөв. Хаан, хатан хоёр өнөөдөр Балморалд үлдэж, маргааш Лондон руу буцна" гэсэн байна.

II Элизабет буюу Элизабет Александра Мэри 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Английн Лондон хотод Мейфэр дүүрэгт, Вестминстерт төржээ.  II Элизабет 1944 онд 18 насандаа Британийн армид алба хааж, дэлхийн хоёрдугаар дайныг үзэж байв.

Тэрээр Их Британи, Виндзорын удмын, Хамтын нийгэмлэгийн хаант орнуудын Хатан хаан, Их Британийн Зэвсэгт хүчний дээд командлагч, Английн сүмийн дээд тэргүүн, Хамтын орнуудын тэргүүн.

Мөн Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломоны Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан өргөмжлөлтэй.

Түүний хаанчилдаг 15 улсыг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл гэж нэрлэдэг бөгөөд  хатан хаан бодит амьдрал дээр эдгээр орнуудын улс төрийн асуудалд оролцдоггүй байв. Хатан хаан II Элизабет 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан хааны Виндзор гэр бүлүүдээс гаралтай юм.

Хатан хаан II Элизабет өнгөрсөн мягмар гарагт шинэ ерөнхий сайдыг томилох ёслолд бүтэн өдрийг зарцуулсан нь түүний хувь хамгийн сүүлд оролцсон төрийн ёслол байв. Ёслолын маргааш нь тэрээр засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзах ёстой байсан боловч хойшлуулаад байсан аж.


Хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 3 цаг 19 минутын өмнө
100

Бидэнтэй нэгдээрэй