Шууд Chart

Цагаан суваргын ордын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

2014-06-27 09:04:22

Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог бөгөөд уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монголын алт (МАК)” ХХК эзэмшдэг аж. Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасны дагуу уг төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031.2 сая ам.долларын 34 хувь болох 350.6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар төр тус ордын 34 хувийн хувьцааг эзэмшихээр тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан юм.

Уг хуулийн төслийг өчигдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэх байсан боловч УИХ-ын дарга төслийг дахин нягтлаж ярих боломж олгох үүднээс хэлэлцэхийг хойшлуулсан юм.
 
Харин Төсвийн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд уг орд нь Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн ордод тавигдах шалгуурт хүрээгүй, төрийн хувь оролцооны 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг Засгийн газрын бонд гаргаж эзэмших боломж хязгаарлагдмал, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт “Төрийн зохицуулалтыг бүртгэл, зөвшөөрөл, хяналтын хувьд төгөлдөржүүлж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд оролцохыг зохистой түвшинд байлгах” гэж заасан зэрэг үндэслэл, шалтгааныг иш үндэс болгон Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн агуулгаар тогтоолын төслийг өөрчлөх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Цагаан суваргын ордын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй