Шууд Chart

Монгол Японы стратегийн зөвлөлдөх уулзалт болов

2014-06-27 10:26:17

Монгол, Японы Гадаад харилцааны яамдын анхдугаар Стратегийн зөвлөлдөх уулзалт өчигдөр Токио хотноо боллоо. Тус уулзалтад манай улсын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Японы талыг ГХЯ-ны дэд сайд Ш.Сугияма нар ахлан оролцсон юм.

Уулзалтаар хоёр тал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны хөгжил, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон улсад айлчлахдаа тус улсын парламент дээр үг хэлж, хоёр тал Стратегийн түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болсныг Японы тал онцлов.
 
Дэд сайд Д.Ганхуяг Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, боловсрол, иргэдийн солилцоо гээд бүхий л салбарт өргөжин тэлж, бүс нутгийн болон олон улсын тавцанд ч эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв.

Цаашид Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, нэн ялангуяа эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцлоо. Эл хүрээнд манай Засгийн газар Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /КЭЙДАНРЭН/, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага /ЖЕТРО/-тaй хамтран ирэх долоодугаар сард Токио хотноо Монгол, Японы бизнес форум зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол Японы стратегийн зөвлөлдөх уулзалт болов  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй