Шууд Chart

Ирэх намрын чуулганаар 316 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

2014-06-27 13:01:17

Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  “Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 16; Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 25; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нэг; Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10; Төрийн байгуулалтын байнгын хороо дөрөв; Төсвийн байнгын хороо гурав; Эдийн засгийн байнгын хороо тав; Хууль зүйн байнгын хороо 19; Өргөдлийн байнгын хороо ес; УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 28; Монгол Ардын намын бүлгээс 37; МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 42; Засгийн газраас 111 төсөл санал болгосон байна. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар зургаан санал тусгайлан ирүүлжээ. Тодруулбал нийт 316 хууль тогтоолын төсөл байгаа юм.
 
Энэ сарын 26-ны өдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 123 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 49, хэлэлцэж эхлээгүй 74 төсөл байна. 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан хууль долоон, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай хууль 23, зээлийн хэлэлцээр соёрхон баталсан тухай хууль дөрөв, УИХ-ын 19 тогтоол  батлагдаад байгааг Байнгын хорооны дарга хэллээ.
 
Тогтоолын төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн УИХ-ын гишүүн М.Энхболд тус намын бүлгээс Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналаа өргөн барьснаас нэг сар болох гэж байна. Иймээс энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганы үлдэж буй хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн бол М.Батчимэг гишүүн  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж оруулж ирэх чиглэлийг УИХ-ын даргаас өгсний дагуу нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулж Засгийн газрын саналыг авахаар хүргүүлээд байгаа. Иймээс тогтоолын төслийн “Бусад” гэсэн хэсэгт энэ хуулийг төслийг оруулах саналаа хурлын тэмдэглэлд тэмдэглүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.
 
Ингээд “Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
 
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр хуулиар заагдсан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Шилэн дансны тухай, Худалдааны тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Монгол хэлний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ зэрэг 20 хууль тогтоомжийн төслийг нэр зааж тусгасан байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ирэх намрын чуулганаар 316 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй